ЗАВХАН: Шилдэг гэрэл зурагчид шагналаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-02 08:43:42

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн 100 жилийн ойг угтан зохион байгуулсан "Байгалийн диваажин" гэрэл зургийн уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардууллаа.

"Байгалийн диваажин" уралдаанд 17 мэргэжлийн гэрэл зурагчны 167 бүтээл зураг ирснийг Монголын гэрэл зургийн холбоотой хамтран сонгон шалгаруулж байр эзлүүлжээ. Ийнхүү тэргүүн байрт "Шүтээн Монгол" студийн захирал, мэргэжлийн гэрэл зурагчин П.Баатарзоригтын "Ирж буй цаг" цуврал бүтээл тэргүүлжээ.



Харин дэд байрт мэргэжлийн гэрэл зурагчин Г.Баясгаланттөгсийн "Байгалийн урлан", гуравдугаар байрт мэргэжлийн гэрэл зурагчин Н.Сүхбатын "Загастайн давааны зам", мэргэжлийн гэрэл зурагчин Д.Батболдын "Идэрийн ногоон нуур" бүтээлүүд тус тус шалгарсан байна. Бүтээлүүд нь шилдгээр шалгарсан гэрэл зурагчдад 500 мянган төгрөгөөс 2 сая хүртэлх төгрөгийн мөнгөн шагналыг гардуулан өгчээ. Гэрэл зурагчид шагналаа "ITM- 2022" Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн дээр гардан авлаа.

-Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэргэжлийн гэрэл зурагчдын дунд нутгаа зураглах улсын хэмжээний уралдааныг өнгөрсөн зун зохион байгуулан дүгнэж, шагналаа сая гардан авлаа.

Миний хувьд Завхан нутгаа байгалийн олон бүсийн тогтцоор нь жижиг Монгол гэж байнга бичиж, гэрэл зураг авч сурталчилж ирсэн. Хөвсгөл шиг Хангайн уулсын ой тайга, Увс, Хар нуур, Хяргас шиг Тэлмэн, Ойгон, Айраг, Бүст, Улаагчны хар зэрэг нуурууд Завханд бий. Мөн Хэрлэн, Орхон, Сэлэнгэ шиг Завхан, Идэр, Тэс зэрэг голууд, Мэнэн шиг Хомын уужим тал, Хонгорынхоос ч том Монгол элс Завхан аймагт бий.

Замын хүн саатаж хоргодмоор Завхан сайхан нутаг гэж зүгээр ч нэг хэлэгдээгүй үг. Маш үзэсгэлэнтэй. Гоё сайхан юмыг хүн гар хүрч чадахгүй, хойш тавьж хайрладаг. “Бидний цөөхөн монголчууд” төслийн удирдагч М.Зоригтоос Завханаар аялахгүй юм уу гэж асуухад гоё болохоор нөөгөөд байна гэдэг. Хүүхдүүдээ усанд оруулахад Буйр нуур гүехэн тохиромжтой байдаг гээд тийш дахин дахин явах гэр бүлүүдийг хараад, Завхан голыг мэддэг ч болоосой гэж бодогддог л юм. Элсэн дээгүүр тарж урсах Завхан голд гуч, дөчин хэмийн халуун наран дор хэвтэж байх ч дэлхийгээс хайгаад олдохгүй диваажин билээ л. Ийм л байгалийн сайхан тогтцыг гэрэл зурагт мөнхөлнө гэдэг хариуцлагатай чамбай ажил байдаг шүү” гэж мэргэжлийн гэрэл зурагчин Н.Сүхбат хэллээ. 


Завхан аймгийн засаг дарга Д.Түвшинжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбат нар шагнал гардуулж буй нь

Монгол элс, Завхан гол. Дөрвөлжин сумын нутаг



Эрдэнэхайрхан сумын нутаг Улаагчны хар нуур


Дэлхийн хамгийн хойд элс. Завхан аймгийн Тэс сумын нутаг


Бага борх. Алдархаан сумын нутаг


Төрийн тахилгат Отгонтэнгэр уул өндөр /4021 м/. Отгон сумын нутаг


Эх оронч Тэс гол, гацууран шугуй. Тэс сумын нутаг.


Загастайн даваа. Алдархаан, Яруу, Идэр сумын нутгийн хилийн уулзварт



Завханы үүл. Цагаанчулуут сумын нутаг



Дөрвөлжинн сумын нутаг Тайх уул

Холбоотой мэдээ