ДАРХАН-УУЛ: Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий цацсанаас үүдэн 90 гаруй сурагч эмнэлэгт хүргэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-08 15:00:37

Дархан-Уул: /МОНЦАМЭ/. Онцгой байдлын газрын 7037101 дугаарт өнөөдөр 10 цаг 57 минутад аймгийн “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн А байрны нэг давхар, цайны газрын орчимд хий гарч, сурагчдын амьсгал боогдож бужигнаан үүслээ гэх мэдээлэл иржээ.


Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдал газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Тагнуул, Эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллалаа.

Тухайн мэдээллийн дагуу очиход сургуулийн нэгдүгээр давхарт багш, сурагчид сандарсан, хүүхдүүдийг хувцсыг нь өмсүүлэн гадагшаа гаргаж байжээ. Мөн хордсон байж болзошгүй, амьсгал давхацсан, толгой өвдсөн шинж, тэмдэгтэй хүүхдүүдийг яаралтай түргэн тусламжаар авч Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах тасагт шилжүүлэн хордлого тайлах эмчилгээ хийсэн байна. 


Анхны дуудлага мэдээллээс гадна сургуулийн орчимд үүссэн нөхцөл байдлаас үүдэн цайны газрын газ буюу хийн баллон алдагдсан, дэлбэрсэн байж болзошгүй гэх ташаа мэдээлэл тархаж багш, сурагч, эцэг, эхчүүд сандарч эхэлсэн байна. Гэвч урьдчилсан шалгалтаар ямар нэгэн тэсэрч дэлбэрсэн зүйл тогтоогдоогүй аж. 

Тодруулбал, аймгийн Онцгой байдлын газрын Химийн мэргэжилтэн, ахмад Ц.Баянзулаар ахлуулсан ажлын баг үүссэн нөхцөлд ажиллаж шалгалт хийхэд цайны газар 14 килограммын хийн баллон  ашигладаг, түүнээс ямар нэгэн байдлаар хий алдагдаагүй, тэсэрч дэлбэрсэн зүйл үүсээгүй аж.  Харин нулимс асгаруулагч цацсан байж болзошгүй гэдэг мэдээллийг 11 цаг 30 минутад өгчээ.


Сурвалжлах баг сурагчид юунаас болж амьсгал боогдсон эсэхийг тодруулахаар Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт очиход эхний ээлжинд очсон 20 орчим сурагчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байв. Эцэг, эхчүүд сандарсан, хүүхдүүд ёолох, тамирдаж, сульдсан шинжтэй, хүчилтөрөгч залгасан байлаа.

Эцэг, эхчүүд сандарч бөөгнөрөл үүсгэж, агаар сэлгэлтгүй болох, уурлаж бухимдах зүйл ажиглагдаж байсан тул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат нар эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай авч байгааг илэрхийлэн, сандарч, тэвдэхгүй, эмчилгээ, эмнэлгийн тусламж үзүүлж буй эмч, сувилагч нарт ажлаа хийх боломжийг нь олгож, зай талбай гаргаж тайван байхыг зөвлөлөө.

Өдрийн 14.30 цагийн байдлаар нийт 94 гаруй хүүхэд, цайны газрын ажилтнууд болон нийт найман том хүн хүргэгдэж ирсэн. Тухай бүрт нь эмнэлгийн тусламж үзүүлэх, заримыг нь хүүхдийн тасагт шилжүүлж биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Ирсэн хүүхэд, том хүмүүсээс маш хүнд нөхцөлтэй ирээгүй, ихэнх нь амьсгал боогдсон, толгой өвдсөн, хоолойд ямар нэгэн зүйл тээглэсэн юм шиг зовуурь илэрч байна гэж мэдээлэл өглөө.

Ирсэн хүүхдүүдээс зарим нь хордлого тайлах эмчилгээ хийлгээд гэртээ буцсан аж.

Юунаас үүдэн хүүхдүүд хордсон эсэхийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хордлогын нарийн мэргэжлийн эмч Б.Өлзийхишигээс тодруулахад, дэгдэмхий хийнд хордсон байж болзошгүй, тиймээс бид ирсэн хүүхдүүдэд тухай бүрт нь яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хий нь олон төрөл байдаг, яг тийм хийнд хордсон гэдгийг хэлэх боломжгүй. Ямар ч хийнд хордсон хоолой боох, нулимс гарах, ханиалгах, бачуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ямар нэгэн хийнд өртсөн, хий алдагдсан газар хүн байсан тохиолдолд тархины үйл ажиллагааны хүчилтөрөгчийн дутагмагшилд орох магдлалтай.


Гэхдээ энэ нь гүн хордлого үүссэн тохиолдолд хүчилтөрөгчийн дутмагшилд орно, одоогоор маш хүнд хордсон хүүхэд байхгүй. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдийнхээ биеийн байдлыг сайтар анзаарч байх хэрэгтэй гэв.

Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан яаралтай түргэн тусламжийн тасгийнхан хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Нийт 12 эмч, 15-17 сувилагч, үйлчилгээний болон дэмжих ажилтнуудыг бүх тасаг нэгжээс ажлыг нь түр хойшлуулах боломжтой эмч, ажилтнуудаа шуурхай байдал зарлан хүч нэмэн ажиллуулж байна гэж Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Буяндэлгэр мэдээлэв.


Харин үүний дараагаар аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуульд ажиллаж, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдаас мэдээлэл авч урьдчилсан байдлаар юунаас болж үүссэн талаар мэдээлэл өглөө.

Тухайн сургуулийн сурагч нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий цацсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тодруулбал, "Оюуны-Ирээдүй" цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч ангийнхаа хүүхдийн цүнхэнд байсан нулимс асгаруулагч хийг авч цацсан аж. Одоо мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид газар дээр нь ажиллаж агаарын шинжилгээ хийж байна. Агаарын хийн шинжилгээний дүгнэлт гарснаар сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах эсэх нь тодорхой болно гэв.


Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий нь хоромхон зуурт хүний амьсгалыг боогдуулдаг бөгөөд тодорхой хугацааны дараа биеэс гадагшилдаг аж. Ингэхдээ түр зуурын хүчилтөрөгчийн дутмагшилд оруулдаг. Гэхдээ тун хэмжээ нь өндөр тохиолдолд аминд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсдэг аж. Харин өнөөдрийн үүсэн нөхцөл байдалд өртсөн хүүхдүүдэд хүнд буюу гүн хордсон тохиолдол илрээгүй ажээ. Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ биеийн байдлыг ажиглах, ямар нэгэн шинж тэмдэг дахин илэрвэл эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авах, өөрийн биеэр ирж үзүүлж, эмчилгээ, эмнэлгийн тусламж авах хэрэгтэйг анхаарууллаа.

Ташрамд дурдахад, “Оюуны-Ирээдүй” цогцолбор нь Дархан-Уул аймгийн хамгийн том сургууль бөгөөд нийт 5200 гаруй сурагчтай. Дээрх явдал А байр буюу ахлах ангийн сурагчдын хичээлийн байранд болжээ. Тус хичээлийн байранд нийт 2800 гаруй хүүхэд суралцдаг. Өглөөний ээлжинд 1200 гаруй сурагч хичээллэдэг бөгөөд хий цацсан хэрэг их засварлагааны үеэр болжээ.


Тус хэрэг явдлын талаар мэргэжлийн байгууллагын эцсийн дүгнэлт гарсны дараа эргэн мэдээлнэ.

Холбоотой мэдээ