Зүүн Азийн чуулга уулзалт 2022 сэдэвт арга хэмжээнд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2022-11-09 16:44:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Женев дэх Олон улс, хөгжил судлалын дээд сургуулийн дэргэдэх Зүүн Ази болон Хятад судлалын төвөөс зохион байгуулсан Зүүн Азийн чуулга уулзалт-2022 арга хэмжээний нээлтийн ажиллагаанд оролцож, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар илтгэл тавив.


Тэрээр Зүүн хойд Азийн улсуудын түүх, улс төр, аюулгүй байдлын зарим асуудал нь бүс нутгийн эдийн засгийн хамтын хөгжилд сорилт бэрхшээл болж байгааг илтгэлдээ онцлоод Монгол Улсын Засгийн газар энхийг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо хүрээнд Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэв. Түүнчлэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээний санаачилгын хүрээнд бүс нутгийн болон бусад түнш улс Зүүн хойд Азийн уламжлалт аюулгүй байдлын асуудал болон шинэ тутам бий болж буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар нээлттэй санал солилцдог уламжлал тогтож буйг онцлов.


Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа нээлтийн ажиллагааны үеэр болсон хэлэлцүүлэгт оролцож, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлууд, олон талт хамтын ажиллагааны ач холбогдлын талаар санал солилцов.


Женев дэх Олон улс, хөгжил судлалын дээд сургууль нь олон улсын харилцааны чиглэлээр мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор 1927 онд байгуулагдсан анхны тусгайлсан дээд боловсролын байгууллага бөгөөд тус сургуулийн дэргэдэх Зүүн Ази болон Хятад судлалын төв нь 2021 онд байгуулагдсан ажээ.

Холбоотой мэдээ