Холимог тулааны 57 кг жингийн аварга шалгаруулах тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-10 10:43:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос "MGL-1 Fighting Championship" холимог тулааны 57 кг жингийн аварга шалгаруулах тэмцээн 18 дахь удаагаа энэ сарын 19-нд “Crocus event hall”-д болно.

 

Энэ удаагийн тулаанд Баянхонгор аймгийн харъяат "Голдан стар" клубийн тамирчин Б.Цэндсүрэн, 112 академийн тамирчин Т.Нямжаргал нар аваргын бүсийн төлөө өрсөлдөх юм.

 

Б.Цэндсүрэнгийн хувьд 8 удаа мэргэжлийн тулаан хийж байснаас долоод нь ялжээ. 2021 оны 57 кг жингийн номер нэг тамирчин тэрбээр энэ удаад хүч, ур  чадвараа үзүүлэх бол түүнтэй өрсөлдөх Т.Нямжаргалын тухайд зургаан удаа тулалдаж байснаас бүгдэд нь ялсан юм байна.

 

Энэхүү тэмцээнд нийтдээ 9 тулаан өрнүүлнэ. Үүний долоог нь холимог тулааны, хоёрыг нь өсвөрийн кик боксын дүрмээр явуулах юм байна.

 

Тэмцээн зохион байгуулж буй "Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо"-г 2009 онд Ж.Нарантунгалаг, Ч.Махбал, Ө.Гантөмөр, Б.Галбаатар, Ч.Наранбаатар нарын санаачилгаар үүсгэн байгуулжээ. Тэд мэргэжлийн тулааныг Монголд хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөх мэргэжлийн тамирчин бэлдэх, хүүхэд залууст зөвөөр таниулсан тэмцээнийг зохион байгуулж ирсэн юм.

 

Тус холбоо MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP нэртэй аваргын бүсийн төлөөх тулааныг 18 удаа, MGL-1FIGHT NIGHT ранг өсгөх тулааныг 5 удаа, нийт 23 тулааныг 13 жилийн турш тасралтгүй зохион байгуулж байна.

 

Тэмцээнээ анх мэргэжлийн кик боксын дүрмээр зохион байгуулсан бол 2010 оноос хойш холимог тулааны төрлөөр аваргаа шалгаруулах болжээ.

 

Энэ хугацаанд холимог тулааны кик боксын аварга Ж.Нарантунгалаг Ази Номхон далай орнуудын "Legend FC" аваргын бүс, "ONE CHAMPIONSHIP" холбооны дэлхийн аваргын бүсийг авч Монгол Улсын Гавьяат тамирчин болсон юм.

 

Мөн тус холбооноос зохион байгуулсан тэмцээний аваргууд тив, дэлхийд нэрээ гаргасаар байна. Тухайлбал, АНУ-ын UFC холбоонд 66 кг жингийн аварга Д.Батгэрэл, "One championship" холбоонд 57 кг жингийн аварга О.Пүрэв, 70 кг жингийн аварга Ц.Амарсанаа, 65 кг жингийн аварга З.Шинэчагтага, БНСУ-ын холимог тулааны Road холбоонд 61 кг жингийн аварга МУГТ Б.Дамланпүрэв, 70 кг аварга Х.Амартүвшин, 57 кг жингийн аварга О.Отгонтулга, 77 кг жингийн аварга Б.Батсүмбэрэл зэрэг аваргууд Монгол Улсын нэрийн өмнөөс тулалдсаар байгаа.

Холбоотой мэдээ