Казахстаны түүхэн дэх хамгийн олон нэр дэвшигчтэй Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2022-11-10 14:49:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсад 11 дүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомар Токаев өнгөрсөн 9 дүгээр сарын 1-ний өдөр ард түмэндээ хандсан мэдэгдэл гаргасан юм. Түүндээ Казахстаны улс төрийн тогтолцоог цогцоор нь өөрчлөх алхмыг эхлүүлэх зорилгоор төрийн тэргүүнийг 7 жилийн хугацаатайгаар нэг хүнийг нэг л удаа сонгодог болох саналыг дэвшүүлээд 11 дүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг явуулахыг санал болгожээ.


Өнгөрсөн зургадугаар сард бүх нийтийн санал асуулгын дүнгээр Үндсэн хуулинд зарим өөрчлөлтүүдийг оруулсантай холбогдуулан ийнхүү ард түмэндээ хандсан илгээлтийг гаргажээ.


Элчин сайд Габит Койшибаевийн мэдэгдсэнээр энэ удаагийн сонгууль нь хэд хэдэн онцлогтой аж. Энэ удаагийн сонгуульд Жигули Дайрабаева, Нурлан Ауесбаев, Мейрам Кажыкен, Касым-Жомарта Токаев зэрэг зургаан хүн нэр дэвшсэн бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улсын түүхэнд төрийн тэргүүний сонгуульд ийм олон хүн өрсөлдөж байгаагүй. Тэдний хоёр нь эмэгтэй аж.


Казахстаны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн бас нэгэн онцлогийг дурдваас саналын хуудас дээр “бүх нэр дэвшигчдийг эсэргүүцэж байна” гэсэн хэсгийг хүртэл оруулсан байна. Өөрөөр хэлбэл сонгогч аль ч нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхгүй байх эрхтэй гэнэ.


Казахстаны Сонгуулийн төв комиссоос мэдээлснээр ээлжит бус сонгуулийг ажиглахаар 271 гадаадын ажиглагчид бүртгүүлээд байгаа юм байна. Тус улсын Сонгуулийн төв комиссоос манай Сонгуулийн Ерөнхий хороонд ажиглагчаар оролцох урилгыг явуулсан аж.

Холбоотой мэдээ