Дархан-Алтанбулаг, Налайх-Баян чиглэлийн авто замыг өргөтгөхөд ЕСБХБ-тай хамтран ажиллах санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-23 09:49:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзав.


Сайд С.Бямбацогт өмнөх уулзалтын үед тохирсон ажлууд үр дүнд хүрч, Дарханы замын нэг урсгал 2 эгнээ замын хөдөлгөөнийг нээн, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өнгө асфальт бетон хучилтын зузааныг нэмэх, төслийн нэгж байгуулах ажил тодорхой шийдэлд хүрээд байна гэлээ.


Ноён Ханнес Такач ЗТХЯ шуурхай ажиллаж, хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарч байгаа, 2023 онд хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг энэ оны 12 дугаар сарын 15-нд багтаан ирүүлэхийг хүссэн байна.


ЗТХ-ийн сайд С.Бямбацогт түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, ирэх онд Дарханы замыг бүрэн дуусгахад харилцан санал зөвлөмжөө солилцож, шуурхай, үр дүнтэй ажиллахад анхаарна гэв. Мөн Дархан-Алтанбулагийн 113 км, Налайх-Баян чиглэлийн 58 км авто замыг өргөтгөх зураг төсөл бэлэн болсныг дурдаад, энэ мэт авто замын томоохон төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг санал болголоо.


ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачи цааш нь ярихдаа, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой авто замын томоохон төслүүдээ эрэмбэлж ирүүлэхийг хүсээд, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод туссан төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэжээ.


Сайд С.Бямбацогт ЕСБХБ-ыг хамтын ажиллагаагаа сайжруулж, нэг баг болж үр дүнтэй хамтарч байгааг дурдаад, төлөвлөснөө үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд талууд улам эрчимтэй ажиллах нь чухлыг онцоллоо.

Холбоотой мэдээ