Д.Пүрэвдоржийн нэрэмжит яруу найргийн наадам 10 дахь жилдээ шилдгүүдээ тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-11-25 21:15:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Эзэн заяа” яруу найргийн наадам өнөөдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.


Энэхүү наадам сурагчдын яруу найраг шимтэн сонирхох, уран унших, зохион найруулах авьяас чадварыг нээхэд чухал ач холбогдолтой. Мөн төрөлх хэлээрээ зөв ярьж бичихээс гадна бусад хэлээр монгол яруу найргийг хөрвүүлэн уншиж сурах нь хэлний мэдлэгээ тэлж байгаа гэдгийг Нийслэлийн тэрүүний ерөнхий боловсролын Үй Цай сургуулийн багш нар тодотголоо.

Тус сургуулийн Монгол хэл уран зохиолын танхим, “Пүрэвдорж сан”-тай хамтран энэхүү наадмыг 10 дахь удаагаа зохион байгуулав. Тэмцээнд оролцогчид жилээс жилд өргөжин хүрээгээ тэлж, тэдний идэвх оролцоо, ур чадвар улам сайжирч байгааг шүүгчид хэлж байна.

Тэмцээний шүүгч, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Н.Гантулга, “Эх хэлний боловсрол, соёлд онцгой гавьяа байгуулж байгаагийн үнэ цэн нь Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит энэхүү наадам юм. Яруу найргийн наадам Үй Цай сургуулийн сурагчдын дунд болдог байсан бол сүүлийн жилүүдэд монгол орныхоо хот, хөдөөгийн сургуулийг хамарч болж буйгаараа онцлогтой” гэв.


Утга зохиолын салбарынхан яруу найраг бол ертөнцийн гэрэл гэгээ гэж үздэг. Тиймээс хүүхэд багачууд шүлэг найраг шимтэн сонирхох нь монгол хэлний дархлаа бий болохоос гадна монгол бахархлыг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Энэхүү наадмын зочин шүүгчээр МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Э.Гантулга, Утга зохиолын төлөө шагналт, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Б.Бүргэд нар ажиллав.

Наадмын бага насны ангилалд нийт 15 сурагч оролцсоноос 92-р сургуулийн 5а ангийн сурагч Т.Учрах-Ерөөл нэгдүгээр байр, Үй Цай сургуулийн 4б ангийн сурагч А.Номинжин хоёрдугаар байр, 71-р сургуулийн 3а ангийн сурагч П.Амирлан гуравдугаар байр эзэлсэн бол 58-р сургуулийн 3-р ангийн сурагч Ц.Алтандэлхий, 40-р сургуулийн 4г ангийн сурагч Е.Амин-Эрдэнэ нар тусгай байрт шалгарлаа.

Дунд насны ангилалд нийт 21 сурагч оролцож нэгдүгээр шатанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг яруу найргаас уран яруу унших, хоёрдугаар шатанд шүүгчдээс өгсөн сэдвийн хүрээнд тогтсон хугацаанд шүлэг зохион яруу унших гэсэн хоёр төрлөөр өрсөлдөв.

Дунд насны ангиллын нэгдүгээр байрт ӨЗБАС-ийн 9б ангийн сурагч Г.Мөнххүслэн, хоёрдугаар байрт Үй Цай сургуулийн 7в ангийн сурагч С.Намуун, гуравдугаар байрт Монгени сургуулийн 8а ангийн сурагч Б.Мөнхжин, тусгай байрт 71-р сургуулийн 8в ангийн сурагч Д.Урангоо, 151-р сургуулийн 6а ангийн сурагч Е.Амин-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнуулав.

Ахлах насны ангилалд нийт 17 сурагч оролцсоноос тэргүүн байрт 30-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Нарантунгалаг, нэгдүгээр байрт Үй Цай сургуулийн 11б ангийн сурагч С.Төрмандах, дэд байрт 151-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Урангоо, гутгаар байрт 151-р сургуулийн 12а ангийн сурагч А.Энхболор, тусгай байрт Үй Цай сургуулийн 10а ангийн сурагч Г.Намуун, ӨЗБАС-ийн 12в ангийн сурагч С.Нямгэрэл нар шалгарсан юм. 


Холбоотой мэдээ