ӨМНӨГОВЬ: Цэцэрлэгийн тогооч, бэлтгэгч нарыг чадваржуулах онол, практикийн сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-26 15:16:43

 

Өмнөговь/МОНЦАМЭ/   Өмнөговь аймгийн ЗДТГ болон Цогтцэций сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран нийт 15 сумын цэцэрлэгийн тогооч нарыг чадавхжуулах сургалтыг зохион явууллаа.

Өнөөдрийн байдлаар нэг хүүхдэд ноогдох хоолны үнэ өдрийн 2475 төгрөг, тухайн зардлаар өдөрт авах шим тэжээлийг 80 хүртэл хувиар хангахаар тогтоожээ. Бага зардлаар шим тэжээл алдагдуулахгүй чанартай хоол хүнс бэлтгэнэ гэдэг тогоочийн ур чадварыг шаардаж байгаа юм. Энэхүү асуудалд тулгуурлан сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтаар хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийг алдагдуулахгүйгээр боловсруулах технологи, аюулгүй эрсдэлгүй түүхий эдийг сонгон чанартай хоол хүнс бэлтгэх, хүүхдийн нас насанд нь тохирсон шим тэжээлт хоол хүнсийг бэлтгэн үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүний үнэ хөлсийг хэрхэн бодож гаргах мөн хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн аюулгүй байдлыг ханган ажиллах дадлыг үйлдвэр дээр хэрхэн хэрэгжүүлэх, тогоочийн хувийн ариун цэврийг шанд сахих зэрэг олон талын  мэдлэг мэдээллийг шинжлэх ухааны үндэслэл судалгаатайгаар практик болон онолоор явуулж байгаа нь үр дүн өндөртэй болсон аж.

Тогооч нар технологийн карт гэдэг зүйлийг мөрдөж ажиллах ёстой бөгөөд сургалтын явцад тогооч нар 1, 2 дугаар хоол, салад, зууш, сүмс, ундаа зэрэг нийт 20 гаруй төрлийн хоол хийх арга технологийг сурч авчээ. Сургалтыг Монголын хоол зүйн шим судлалын нийгэмлэгийн багш, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Байгалмаа, Хоол зүйч,  доктор, дэд профессор М.Пүрэвжав болон бусад хоол зүйч нар сумдын цэцэрлэгийн тогооч нарт онол, дадлагын сургалтыг өгсөн юм.

Энэхүү сургалтыг БШУЯ-тай хамтран сүүлийн 4 жил аймаг, нийслэлийн хүнс үйлдвэрлэгчдийн дунд зохион явуулж байна. 

Холбоотой мэдээ