Т.Бадрал: Ерөнхийлөгчийн айлчлал олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, харилцааг шинэ шатанд гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-11-26 12:04:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал 11 дүгээр сарын 22-нд БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайд Сүнь Вэйдунтай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нарын энэ сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д хийх төрийн айлчлалын бэлтгэл, айлчлалын үр дүн, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.


Уулзалтын үеэр Хятадын ГХЯ-ны дэд сайд Сүнь Вэйдун хэлэхдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа нь Хятад, Монголын харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой юм. Хятадын тал энэ айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа. Монголын талтай хамтран энэ айлчлалыг амжилттай хэрэгжүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ


Элчин сайд Т.Бадрал Сүнь Вэйдуныг ГХЯ-ны дэд сайдаар саяхан томилогдсонд нь баяр хүргээд, цаашид хоёр талын харилцаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр БНХАУ-ын ХКН-ын XX Их хурал амжилттай хуралдсаны дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа нь Монгол, Хятадын харилцаанд хоёр тал өндөр ач холбогдол өгч байгааг бүрэн харуулж байна. Энэ айлчлал нь Монгол, Хятад хоёр орны найрамдал, харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлж, олон салбарын бодит хамтын ажиллагааг иж бүрэн ахиулж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэж байна хэмээжээ. 

Холбоотой мэдээ