Ф.Гулленыг шилжүүлэн өгөх тухайд Турк болон АНУ санал зөрөлдөөнтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-25 23:29:01

АНКАРА. /NHK/. Өнгөрсөн сард болсон цэргийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэгдэж буй лалын шашны номлогч Фетулла Гулленыг шилжүүлэн өгөх асуудлын тухайд тэвчээртэй, хүлээцтэй байхыг Туркэд АНУ уриалжээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Анкара хотод Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Ерөнхий сайд Бинали Йылдырым нартай уулзсан байна.

АНУ Туркийн Засгийн газрыг дэмжсээр байх болно гэж Байден цохон тэмдэглэжээ.

Америкт амьдарч байгаа Ф.Гулленыг аль болох хурдан шилжүүлэн өгөхийг Анкарагийн албаны хүмүүс шаардсаар байгаа юм.

Энэ асуудалтай холбогдуулан Байден хэлэхдээ “долдугаар сард болсон цэргийн эргэлт хийх оролдлоготой номлогч холбоотой болохыг нотлох баримтуудад үнэлэлт хийхээр АНУ-ын хууль шүүхийн шинжээчид ажиллаж байна” гэжээ.

Мөн лхагва гарагаас Сирийн хойд нутагт “Лалын улс” бүлэглэлийн босогчдын эсрэг Туркийн армийнхан хил дамнасан цэргийн ажиллагаа явуулж эхэлснийг дэмжиж байгаагаа Байден илэрхийлжээ.

Курдын босогчдын хяналтад байгаа газар нутгийн хэмжээ өргөжин тэлж байгааг зогсоох зорилгоор Сирийн хил дамнасан цэргийн ажиллагааг явуулж байгаа гэж Туркийн Засгийн газар мэдэгдсэн билээ.

“Туркийн хилд ямар нэгэн терорист бүлэглэл бус Турк л хяналт тавих ёстой” гэж дэд Ерөнхийлөгч Байден хэлжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ