ДАШТ-д амжилт гаргасан самбо бөхийн дасгалжуулагч, тамирчдаа урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-07 13:37:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбо бөхийн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, сурагчдын ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн баг тамирчин, дасгалжуулагчдад хүндэтгэл илэрхийлэн, шагнаж урамшуулав.


Шагналыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан нар гардуулж баяр хүргэжээ.


Тодруулбал, дасгалжуулагч Г.Үүрцолмон, Б.Дамланпүрэв, Э.Доржпүрэв нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Мөн самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Г.Баяндүүрэн (алт), Д.Пүрэвдорж (мөнгө), Д.Төмөрхүлэг (хүрэл), залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн О.Оюунчимэг (алт), Г.Төрболд (мөнгө), Д.Есүй (мөнгө), өсвөр үеийнхний ДАШТ-ээс медаль хүртсэн Б.Батдаваа (алт), сурагчдын ДАШТ-ээс медаль хүртсэн Н.Ундрахбаяр (алт) нарыг БТСУХ-ны Жуух бичгээр шагнаж урамшууллаа.


Энэ үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан: “Самбо бөхийн спортыг БТСУХ-ноос дэмжин ажиллаж байгаа. Бэлтгэл сургууль хийх заалыг нь шийдэж өгч байна. Улсын хэмжээний наадмын хөтөлбөрт тогтмол оруулж, улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж ирсэн. Самбо бөхийн хамт олонд өндөр амжилт хүсье. Ташрамд дурдахад, Ираны нийслэл Тегеран хотод 1973 онд болсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Ш.Чанарав алтан медаль хүртсэн нь Монгол самбочдын анхдагч амжилт бол гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од таван алтан медаль хүртсэн нь хамгийн оргил амжилт юм” гэлээ.

Холбоотой мэдээ