ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-09 09:04:28

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймаг төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Улиастай суманд И-Монголиа операторын үйлчилгээний төвийг байгуулж, 14 байгууллагын 50 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулжээ. Өнөөдрийн байдлаар И-Монголиа операторын үйлчилгээг 2300 гаруй иргэн аваад байна. И-Монголиа операторын үйлчилгээнээс иргэдэд 57 төрлийн мэдээлэл лавлагааг өгч байна. Өнгөрсөн онд гэхэд нийт 1495 мэдээлэл лавлагааг иргэдэд цахимаар хүргэж үйлчилсэн байна.

Мөн иргэд ТҮЦ машинаас мэдээлэл лавлагааг авах боломжтой юм.  И-Монголиа операторын үйлчилгээний төв буюу нэг цонхны төв дээр иргэдийн санал, хүсэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 70461212 дугаарын утас, аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсаар дамжуулан иргэдээ сонсох ажлыг хийж байна.

11 дүгээр сарын байдлаар нийт 62 иргэний санал хүсэлтийг хүлээн авч, 31 иргэний гомдлыг шийдвэрлэн, иргэнд  хуулийн хугацаанд хариу өгчээ. Харин 37 иргэн санал хүсэлтээ утсаар өгч шийдвэрлүүлсэн байна. И-Монголиа операторын үйлчилгээний төвөөс иргэд газрын болон үл хөдлөх хөрөнгө, иргэний бүртгэл, архивын лавлагааг ихэвчлэн авч байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас 2021 онд e-mongolia системийг нэвтрүүлснээр 21 аймаг, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд цахимаар болон операторын горимоор төрийн үйлчилгээ үзүүлж байна. 

Холбоотой мэдээ