Г.Занданшатар: УИХ нүүрсний хэргийг илрүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-08 10:09:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүдийн зүгээс нүүрсний хэрэгтэй холбогдуулж байр сууриа илэрхийлсэнтэй холбогдуулж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-нд явуулахаар Эдийн засгийн байнгын хорооноос шийдвэрлэсэн болохыг хэллээ.


Түүнчлэн "Нүүрсний хэрэгтэй холбогдуулж чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлсэн, шүгэл үлээсэн, үнэлгээ тогтоосон, нотлох баримттай байгаа УИХ-ын гишүүд тус нээлттэй сонсголд оролцох шаардлагатай. Хэрэв гэрчээр оролцож мэдүүлэг өгөхгүй бол гэмт хэргийг нуун дарагдуулсан гэмт үйлдэлд тооцогддог. Тиймээс УИХ-ын Тамгын газар болон холбогдох байгууллагууд нээлттэй сонсголыг зохион байгуулахдаа жагсаалд оролцож буй залуусын төлөөллийг оролцуулж, үр дүнтэй зохион байгуулах нь зүйтэй. Үндсэн хуулийн хүрээнд УИХ нь гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээдэггүй. Гэхдээ УИХ эл асуудалд хяналт тавьж ажиллахыг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. Нийт 21 эрүүгийн хэрэг шалгагдаж байна гэж мэдээлж буй. Эзэн биегүй гэмт хэрэг ярихаа болих хэрэгтэй. Тиймээс УИХ, Засгийн газрын гишүүд нотлох баримтаа хууль хяналтын байгууллагуудад өг. Ямар нэгэн байдлаар гэм буруутай албан тушаалтнууд байвал төрийн өмнө хүлээсэн тангаргийнхаа хүрээнд хууль хяналтын байгууллагад очиж, мэдүүлгээ өгөх хэрэгтэй. Нүүрсний хэргийг ард түмний хяналт дор үнэн зөв шийдэгдэхэд үйл явцад УИХ, УИХ-ын гишүүд өөрсдөөсөө шаардагдах бүх дэмжлэгийг үзүүлэх болно" гэлээ. 

Холбоотой мэдээ