СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-08 17:31:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг тус аймагт өсөх хандлагатай байна. 2021 онд энэ төрлийн гэмт хэрэг 15 бүртгэгдэж байсан бол 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 21 бүртгэгдэж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ.


Эд хөрөнгө, төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, алдуул мал зэргийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувьдаа завшсан бол энэ нь гэмт хэрэгт тооцогдоно. Хохирлын хувьд 300 мянгаас дээш үнийн дүнтэй бол эрүүгийн хэрэг үүсдэг байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийг санаатай гэж үздэг аж.


17.5 дугаар заалтаар хуульчилсан байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг өсөж байгаа шалтгаан нь иргэдийн хууль эрхзүйн мэдлэг дутмаг, хувийн ашиг сонирхол их байгаатай холбоотой. Ялангуяа алдуул мал, гээгдэл эд хөрөнгийг завших тохиолдол элбэг байна. Бусдын санамсаргүй үлдээсэн гар утас болон бусад хөрөнгийг авах, олох тохиолдол гарч байна. Ийм тохиолдолд тухайн хүн шууд холбогдох газар болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд эд хөрөнгийг нь тушаах эсвэл өөртөө хадгалж болно.

Хэрвээ нэг жилийн хугацаанд эзэн нь олдоогүй бол өөртөө үлдээх эрх нээгддэг. Харин эзэн нь гарч ирсэн тохиолдолд тодорхой шагнал урамшууллыг цаад эзнээс нь авч болно. Алдаатай гүйлгээ ч мөн адил. Хэрвээ дансанд нь ийм төрлийн гүйлгээ орж ирвэл шууд зохих газарт нь хандах ёстой. Үүнийг мэдэхгүй бусдын хөрөнгийг хувьдаа завшсанаасаа болж иргэд гэмт хэрэгт холбогдож байна. Тиймээс иргэд ялангуяа залуучууд анхаарал болгоомжтой байж ийм тохиолдолд иргэний үүргээ биелүүлж, мэргэжлийн байгууллагад хандах, заавар зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгхийн ерөнхий шүүгч С.Насанбуян санууллаа. 

Холбоотой мэдээ