Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-09 09:28:32

РОМ. /TASS/. Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсан тухай мэдээлэлд Италийн эрх баригчид дургүйцлээ илэрхийлжээ. Энэ тухай Ерөнхий сайд Жоржи Мелони пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна. 


“Эрх чөлөөнийхөө төлөө жагсаалд нэгдсэн залууд оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэсэнд Италийн Засгийн газар эгдүүцэж байна. Ираны эмэгтэйчүүд, залуусын амьдрал, эрх чөлөөнийхөө төлөөх шаардлагыг зогсоож чадахгүй шиг Ираны эрх баригчдын энэхүү хүлээн зөвшөөрч болохгүй хэлмэгдүүлэлтийг олон улсын хамтын нийгэмлэг ч мөн хайхрахгүй орхиж чадахгүй" гэж тэрбээр мэдэгджээ. 


Иранд болсон жагсаалын үеэр аюулгүй байдлын хүчнийхэн рүү дайрч, нэгийг нь шархдуулсан гэм буруутай нь тогтоогдсон иргэнд оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэсэн талаар “Tasnim” агентлаг пүрэв гарагт мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр, уг эрэгтэйг Мохсен Шекари гэдэг бөгөөд тэрбээр Техран хотын нэгэн гудамжны замын хөдөлгөөнийг хаахад оролцож, аюулгүй байдлын хүчний ажилтнуудын нэгийг хутгаар гэмтээжээ. 


Хижаб буюу толгойн алчуураа зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар ёсзүйн цагдаа нарт баривчлагдаж, удалгүй нас барсан 22 настай Махса Амини гэх бүсгүйн үхэлд цагдаагийнхныг буруутгасан эсэргүүцлийн жагсаал Иранд есдүгээр сарын 16-нд дэгдсэн юм. 

Холбоотой мэдээ