ӨМНӨГОВЬ: Оюуны спортоор хичээллэж байгаа тамирчдыг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-09 17:16:58

Өмнөговь/МОНЦАМЭ/ Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэн амжилттай оролцсон багш, тамирчдад хүндэтгэл илэрхийллээ.                                                           

Тодруулбал, Мальта улсын Мелльеха хотноо 10 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд зохион байгуулсан Шатар сонирхогчдын дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон "Цэц" шатрын холбооны багш, дасгалжуулагч Г.Оргил, Шатар сонирхогчдын дэлхийн аварга С.Төгөлдөр, тусгай байрын шагналт Б.Отгонбаяр нарыг аймгийн Засаг дарга болон бусад албаны хүмүүс  хүлээн авч уулзлаа.                                                                                                   

Шатрын аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 51 орны 200 гаруй шилдэг тамирчин өрсөлдсөн юм. Чансаа өндөртэй энэхүү тэмцээнд Өмнөговь аймгийн “Цэц” шатрын холбооны хоёр тамирчин сүүлийн өрөг халз тоглож С.Төгөлдөр алтан медаль хүртсэн бол Б.Отгонбаяр тусгай байрыг эзэлсэн. Сонирхогчдын дэлхийн аваргад насны ангилал байдаггүй тул 2 тамирчин сүүлийн өрөг дээр хоорондоо ийнхүү таарч өрсөлдсөн байна. "Цэц" шатрын холбоо нь сүүлийн 8 жилийн хугацаанд шатрын сургалтыг хүүхэд залуусын дунд зохион явуулж байгаа юм.                                                                            Одоогоор тогтмол бэлтгэл хийдэг 50 орчим тамирчинтай бөгөөд анхан, дунд шатанд суралцаж байгаа 200 гаруй хүүхэд байдаг байна. Шатрын спортоор хүүхдүүд хичээллэснээр төлөвшил хүмүүжилд өндөр ач холдбогдолтойгоос гадна оюун ухаан, сэтгэн бодох чадвар, ой тогтоолт, тэсвэр хатуужилтай болох зэрэг олон чадварыг эзэмшдэг байна.   

Ийнхүү нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилттай яваа тамирчид болон олон оюунлаг шавь нарыг бэлтгэж байгаа багш, дасгалжуулагчид амжилт хүсч  мөнгөн шагналыг гардуулан өглөө.                                                           

Өмнөговь аймагт шатрын спорт эрчимтэй хөгжиж байгаад талархаж байна. Цаашлаад дэлхийн чансаатай олон тэмцээн уралдаанд оролцохоор бэлтгэж  байгаа  тамирчдаа бүхий л шаардлагатай зүйлээр нь дэмжин ажиллахаа аймгийн Засаг дарга илэрхийллээ.

Холбоотой мэдээ