ДОРНОГОВЬ: Хот хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-14 10:10:45

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд хотын хот байгуулалт төлөвлөлтийн хэсэгчилсэн төлөвлөгөөг /2020-2040/ боловсруулах ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Инженер геодези” ХХК гүйцэтгэж, мэргэжлийн эрх бүхий компаниар хянуулан Барилгын хөгжлийн төвөөр магадлуулж дуусгажээ.

Дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр Сайншанд хотын зургаан багийн 337.7 га газрыг хамруулсан төлөвлөлт хийсэн бөгөөд Сайншанд хот цаашдаа улс болоод бус нутгийн чанартай аж үйлдвэржсэн хот, ачаа тээвэр логистикийн төв болгохоор тодорхойлсон байна.

Ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж дахин зохион байгуулах замаар зам шугам сүлжээний өргөтгөл хийх, ногоон байгууламж нэмэгдүүлэх, Улаанбаатар болон бусад аймгаас шилжин ирэх хүмүүсийн амьдрах орчныг бүрдүүлэх, хүн амын нягтралыг сайжруулахад чиглэсэн олон ажлыг шат дараатай гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Сайншанд хотыг хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг энэ оны 12 дугаар сарын 4-нд хуралдсан аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталжээ.

Холбоотой мэдээ