ӨМНӨГОВЬ: “Сүү тараг” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь/МОНЦАМЭ/ Аймгийн хөгжлийг дэмжих “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд сургууль,
цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол тэжээл, өсөлт хөгжилд анхаарч ажиллаж байна.
“Сүү тараг” хөтөлбөр нь зорилтот
бүлгийн бага насны хүүхдийн өсөлт хөгжил, байнгын асаргаатай хүүхдийн хоол
тэжээлийг чанартай, амин дэмээр баялаг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж дархлааг
нь дэмжих хоол тэжээл, сувиллын үйлчилгээг үзүүлснээр бие бялдрын өсөлт хөгжил
болон хүүхдийн жингийн хоцрогдол, өвчлөл, эндэгдлийг бууруулах зэрэг ач холбогдолтой
юм.
Тус хөтөлбөрт 6-12 сартай
хүүхэд, 12 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа сувилгаатай
хүүхэд, жингийн алдагдалтай хүүхэд, 2 хүртэлх насны ихэр хүүхэд хамрагдах юм. Хөтөлбөр
2021-2024 он хүртэл хэрэгжинэ.
Хүүхдүүдэд 7 хоногт 6000
төгрөгийн цэвэр сүү, таргийг тогтмол өгч өсөлт хөгжлийг сумын ӨЭМТ-ийн эмч нар
байнгын хянаж ажиллах юм. Даланзадгад
суманд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч “Давхарсар” ХХК уг төслийн
гүйцэтгэгч компаниар шалгарч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар хөтөлбөрт нийт 5800 хүүхэд хамрагдаад
байна.
Түүнчлэн бага насны болон
сургуулийн хүүхдүүдэд шим тэжээлтэй хоол бэлтгэх сургалтыг тогооч нарын дунд амжилттай
зохион байгууллаа. Бага насны хүүхдийн
хоол тэжээл сургалтад Даланзадгад сумын 24 цэцэрлэгийн 49 тогооч нар үе
шаттайгаар хамрагдлаа.
Тухайн сургалтаар бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаар
мэдлэг ойлголт өгөх, хүүхдийн хоолны илчлэгийг тооцоолох, шим тэжээлээр баялаг хоол хийх технологийн онол дадлага хосолсон
мэдлэгийг олгож байгаа юм. Энэхүү сургалтыг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрөөс
санхүүжүүллээ.
Монгол Улсын хэмжээнд 5 хүртэлх ангийн
сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагддаг бол Өмнөговь аймаг орон нутгийн
төсвөөс санхүүжүүлэн 1-6-р ангийн хүүхдүүд хамруулдаг.
Мөн аймгийн 22 сургууль, 32 цэцэрлэгийн гал
тогооны тоног төхөөрөмжийг бүрэн сайжруулан засвар өргөтгөл, агааржуулалт,
хүнсний агуулах, хоолны заалуудыг нэмж барьсан бөгөөд дотуур байртай 17 сургуулийн гал тогоо
болон 32 цэцэрлэгийн бүлэг бүрд 360 градус халуун усаар аяга, таваг угааж ариутгадаг автомат машиныг
худалдан авч өгөх ажлыг зохион байгуулжээ.
Өмнөговь аймаг 2023 оны төсөвт дотуур байрны
хүүхдийн хоолны мөнгийг 100 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг 50 хувь
нэмэгдүүлэн баталсан.