ХОВД: Малчид хямд үнэтэй өвс, тэжээл авахыг хүсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар мал өвөлжиж, хаваржих нөхцөл хүндэрч байгаа сумдын нэг бол Ховд аймгийн Дөргөн сум. Тус сумын зарим малчинтай уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь сурвалжиллаа.
Дөргөн
сумын Сээр багийн малчин О.Ганбаатар нь нутгийн залуу малчдын төлөөлөл юм. Эхнэр,
найман хүүхдийн хамт амьдарч, сүүлийн 10 жилийн хугацаанд мал маллаж байна.
“Нуурын
хулс, зэгс бараадан өвлийн хүнд цаг үеийг даван туулдаг бөгөөд энэ жил бэлчээрийн
хүрэлцээ хангамж, өвсний гарц тааруу байгаа учраас хавар хаашаа нүүх, ямар
газарт хаваржих нь тодорхойгүй байна. Цаг хүндэрч болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлж зохих хэмжээний өвс, тэжээл бэлтгэж авсан боловч тэр нь хангалттай
хэмжээнд бус, хүрэлцэхээргүй байна. Иймээс малчдад хямд үнэтэй өвс, тэжээл
нийлүүлэх зайлшгүй шаардлагатай” гэж хэллээ.
Мөн
Дөргөн сумын Сээр багийн малчин Б.Бямбажавтай уулзлаа. Тэрбээр энэ үеэр мал
нядалгаа хийж байв.
“Зуны
улиралд нутгийн ихэнх хэсэгт гантай
байсан. Үүнтэй холбоотойгоор зудын
эрсдэлийн үнэлгээ өндөр гарсан аймаг, сумдад малын тарга хүч дутуу, мал
борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа зэрэг нь малчин өрхийн
амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж, малчин
иргэд энэ өвлийн хүйтэнд олон бэрхшээлтэй тулгарч байна. Мал нядалгаа хийх явцад малын зарим түүхий эд
үнэгүй тул хаягдаж байна. Цаашид малын арьс, өлөн, дотор эрхтэн зэрэг малын гаралтай
бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулан ашиглах, үнийг тогтворжуулах чиглэлд
анхаарч ажиллах шаардлага байгаа” хэмээв.








