ӨМНӨГОВЬ: Ноён суманд томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн жил болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын баг Ноён сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар 2022 онд Өмнөговь аймагт хийж хэрэгжүүлсэн
ажлын тайлангаа нутгийн
иргэдэд танилцуулж,
ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар мөн мэдээллийг өглөө.
Энэ онд Ноён сумын хувьд томоохон бүтээн
байгуулалтууд өрнөсөн жил байлаа. Тухайлбал тус сумын ЕБС-ийн их засварын
ажил, 1,2 км цэвэр, бохир, дулааны шугам сүлжээ, үүрэн телефоны 4G сүлжээ, гүн
өрмийн худгийг 4 байршилд хийсэн зэрэг бүтээн байгуулалтуудыг орон нутгийн
төсвөөр хийж гүйцэтгэжээ.
Харин 2023 онд түрээсийн 10 айлын орон сууц, дэд бүтцийн шугам сүлжээний өргөтгөл, ЕБС-ийн дотуур байрны их засвар, ЗДТГ-ын их засварын ажил, Соёлын төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, 4G сүлжээ, гүн өрмийн худаг 4 байршилд гаргах зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөн орон нутгийн төсөвт суулгажээ.
Ноён сумын малчин Д.Тулгазана:
Би Ноён сумын малчин. Аймгийн Засаг дарга болон бусад албаны хүмүүс ирж манай сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж байна. Энэ жил Ноён суманд төдийгүй Өмнөговь аймгийн хэмжээнд олон сайхан бүтээн байгуулалтууд хийжээ.
Говийн малчдад маш их тулгамддаг асуудал бол усны асуудал байдаг. Тухайн асуудлыг шийдвэрлэн манай суманд 4 цэгт худаг гаргалаа. Ирэх жил нэмж худаг гаргахаар төлөвлөгөө, төсөвтөө суулгасан гэлээ.
Мөн 4G сүлжээнд орууллаа. Бид хот хүрээнд байгаа хүүхдүүдтэйгээ хотноосоо холбогдоод ярьдаг болсон. Сум багийн мэдээллээ ч цаг тухайд нь авч байна гээд олон боломж бүрдлээ. Энэ том ажил. Малчид бид хурал бүрд хоёр асуудлыг л хэлдэг. Нэгдүгээрт уул уурхайн компаниудын захиалгаар үүл бууддаг асуудлаа болих хэрэгтэй байгааг, хоёрдугаарт МҮОНТ-ийн хураамжийг болиулж өгөөч гэдэг хүсэлт юм. Энэ уулзалт дээр мөн хэлсэн.