СҮХБААТАР: Б.Сүхбаатар: Тал хээр, говь хосолсон нутгаа тэмээгээр дүүргэхийг хүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-23 14:21:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумаас зүүн урагш Баарын говь, Үетийн нуруу, Жавхлант уул гэж тал хээр, говь хосолсон нутаг бий. Энд аймгийн аварга мачин Б.Сүхбаатарынх үе дамжин нутаглаж ирсэн. Аав ээжээс өвлөн ирсэн адуу малаа өсгөхдөө аль нэг малыг орхигдуулж хариулж маллахаас төвөгшөөдөггүй. Таван хошуу малаа тэгш сайхан өсгөн үржүүлж явна. Айл гэр болоход ээж нь ингэ, гунж, ат гэсэн гурван тэмээг өгчээ. Тэрбээр гурван тэмээгээ 2002 оноос хойш өсгөхийг зорьсоор өдгөө 60 гаруй тэмээтэй болжээ.

Тэрээр давхар зогдорт буур тавьж, хоёр ээлжийн ингээр үржилд оруулдаг аж. Эдний хотонд өнгөрсөн жил 19 ингэ ботголжээ. Энэ жил зургаан ингэ болон шинэ гунжин тэмээнүүд үржилд ороход бэлэн болжээ. Зарим нэг хүмүүсийн зарж борлуулж байгаа тэмээнээс санаанд нийцсэнээ худалдан авч тэмээн сүргийн бүтцээ сайжруулдаг байна.

Тэмээ их сүрлэг сайхан амьтан учир таван хошуу малын сүр жавхаа юм даа. Миний өвөг дээдсээс л тэмээн сүргээ тасалдуулалгүй малласаар ирсэн. Тэмээнээс авах шим бага. Төр засгаас тэмээн сүргээ өсгөж байгаа малчнаа дэмжинэ гэдэг ч одоогоор авсан бодит дэмжлэг байхгүй. Хамгийн гол нь таван хошуу малаа таван төрөл дээр нь л өсгөхийг зорьдог. Дээрээс нь Баарын говь хэмээх дэрстэй энэ сайхан нутгаа тэмээгээр дүүрэн байлгах нь миний туйлын хүсэл. Үүнийхээ төлөө ч хичээн хөдөлмөрлөж байна гэж Б.Сүхбаатар ярилаа.

Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд тэмээ өсгөх, хариулах малчин ховордсон гэж хэлж болно. Тэмээг унаж, эдлэхээ больсон, дээрээс нь ноос, мах нь үнэд хүрдэггүй. Хариулга, арчилгаа шаарддаг учир ихэнх малчид маллахаа больсон. Зарим жилийн мал тооллогоор тэмээ хорогдож, цөөрсөн тоон үзүүлэлт байдаг.

 

 

Холбоотой мэдээ