ӨМНӨГОВЬ: Аймгийн Засаг даргын шийдвэрээр өвс, тэжээлийн үнийг 50-55 хувиар хөнгөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан өвс, тэжээлийн үнийг 50-55 хувиар хөнгөлж, малчдад зээлээр олгохоор шийдвэрлэлээ.
Тодруулбал, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэсэн өвсний үнийг боодол тутамд 55 хувь, хивгэн тэжээлийн үнийг шуудай тутамд нь 30 хувь, "Говийн оюу" хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар бэлтгэсэн ногоон тэжээлийн үнийг 50 хувь, сумдын нөөцөд бэлтгэсэн өвсний үнийг 55 хувиар тус тус хөнгөлжээ.
Өвс, тэжээлийг тогтоосон үнээр малчин, мал бүхий өрхөд борлуулах түр журам гарсан бөгөөд ХХААГ, ОБГ, сумдын Засаг дарга нарт холбогдох үүрэг чиглэлүүдийг өгсөн байна.
Аймгийн 15 сумын 59 багт 6678 өрхийн 2,7 сая гаруй толгой мал сүрэг өвөлжиж хаваржих юм.
Цагийн байдлыг хохирол багатай даван туулах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, малчдад дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаагийн нэг нь энэхүү үнийн хөнгөлөлт юм.
Өнөөдрийн байдлаар өвсний үнэ 8100, ногоон тэжээл 9000, хивгэн тэжээл 1470 төгрөгөөр борлуулж байна.
Малчид 50 боодол өвс, 10 шуудай тэжээл, мал бүхий өрх 30 боодол өвс, 10 шуудай тэжээлийн үнийг 100 хувь бэлэн төлөх болон 3 хүртэлх жилийн хугацаагаар гэрээ байгуулан зээлээр авч болох аж.