ӨМНӨГОВЬ: Отрын малчдад дэмжлэг үзүүлэх түр штаб байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-28 15:11:25

Өмнөговь/МОНЦАМЭ/  Оторт нүүдэллэж яваа малчдад төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбатаар ахлуулсан ажлын баг ажиллалаа.                                               


Тус ажлын баг отрын бүс нутгуудад очиж ажилласан юм.  Энэ удаа Дундговь аймгийн Гурвансайхан суманд оторлож байгаа малчидтай уулзалт зохион байгуулж, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг хүлээн авлаа.                                                   


Мөн хөнгөлөлттэй нөхцөлөөр өвс, тэжээлийг малчдад олгосон бөгөөд тус суманд отрын штаб байгуулахаар болжээ.            Тухайн отрын штабын ажлын багт орсон төрийн захиргааны гишүүд, сумдын Засаг дарга, хүн болон малын эмч нар хуваарийн дагуу ээлжээр малчдад тусламж үйлчилгээг хүргэн ажиллах юм.                                 


Отрын штабыг 2023 оны нэгдүгээр сарын эхээр байгуулж, гуравдугаар сарыг дуустал ажиллуулах аж.


Аймгийн ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ: Аймгийн хэмжээнд сумдын өвсний нөөцийг оруулаад 91 мянга орчим боодол өвс бэлтгэсэн. Аймаг "Говийн оюу" хөгжлийг дэмжих сантай хамтраад 51 мянган боодол өвс татан авсан. Үүнээс нэг суманд 1400-5000 хүртэл боодол өвсийг олгосон байгаа. Одоогоор аймгийн нөөцөд 20 мянга орчим боодол өвс, ногоон тэжээл байна. Дундговь аймгийн Гурвансайхан суманд 100 гаруй өрх отор хийж өвөлжиж байна. Эдгээр иргэдэд ажлын баг ирж өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олголоо. Бид дараагийн өвс, тэжээлийн хангалтыг он гаргаад татан авчирч нийлүүлнэ. Мөн отрын бүс нутгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Малчид сумын иргэдийн дунд үл ойлголцох зүйлгүй сайхан өвөлжиж байна. Харин цаг агаарын хувьд их хүйтэн. Цасан шуурга тавьж эрс хүйтрэхээр мал бээрч бэлчээрт гарч чадахгүйд хүрэх асуудал байгаа юм. Тиймээс отрын штаб байгуулахаар ажлын баг ажиллаж байр газраа тохирлоо. Гурвансайхан суманд байгуулдаг учир нь отрын цөм хэсэг учраас тэр. Ойр зэргэлдээ сумдад байгаа малчид энэ штабаас бүх үйлчилгээгээ авах юм.   

         

Хүрмэн сумын Тулга багийн малчин  Б.Амгалантөгс:


Энэ жилийн хувьд их хүйтэн мал энэ нутагтаа дасаагүй болохоор бага зэрэг асуудал байгаа ч өвс малын идэш сайтай болохоор гайгүй байна. 

Манайх Баянжаргалан суманд өвөлжиж байгаа. Харин аймгаас отрын малчдаа эргэн тойрч шаардлагатай өвс, тэжээлээр хангаж байна. Энэ нь их том тус дэм болж байна. Малчин бидэнд яг л хэрэгтэй байлаа даа                       


 



                                                                                                Булган сумын малчин Х.Мөнгөн:     

Би намар нутгаасаа 450 гаруй км нүүж ирж өвөлжиж байна.  Өвөлжилт сайхан байна. Орон нутгаас өвс тэжээлийг хүргэн ирээд хөнгөлөлттэй нөхцлөөр хангаад өглөө. Манайх 1000 гаруй бага малтай өвөлжиж байна.

Нутаг уснаасаа хол нүүдэл хийгээд явж байхад ингээд орон нутгаас дэмжиж туслаж байгаад нийт оторт явж байгаа малчдынхаа өмнөөс талархаж байгаагаа аймаг,  сумын удирдлагууддаа илэрхийлье.

Холбоотой мэдээ