БАЯНХОНГОР: Шинэ суурьшлын бүсэд газар өмчлөх эрхийг иргэдэд үргэлжлүүлэн олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-01-04 08:56:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төвлөрлийг сааруулах, Баянхонгор хотыг тэлэх зорилгоор эхлүүлсэн Шинэ суурьшлын бүсийн ажил амжилттай өрнөж байна.


Орчин үеийн дэвшилтэт технологи, дэд бүтцийн оновчтой шийдэл бүхий 2020 оноос эхлүүлсэн тус төслийн хүрээнд 30 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа юм.


Жил ирэх тусам тэлэн хөгжих энэхүү шинэ сууринд 2022 оны жилийн эцсийн байдлаар 500 айл өрхөд газар олгоод байгаа бол 640 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж, 500 орчим сурагчтай тогтмол үйл ажиллагаа явуулж  байна.


100 айлын хоёр орон сууц барьж оршин суугчдаа хүлээн авч, 14 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орж, Ингэний сүүний үйлдвэрийн барилгыг улсын комисс хүлээн авч, 1000 тоннын мах ногооны зоорийн гүйцэтгэл 60 хувьтай үргэлжилж байна. Мөн 128 м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 500 м3 хүчин чадалтай усан сан, халаалтын тогооны барилгыг  тус тус байгуулж, 4.5 км урттай цэвэр усны төв магистрал шугам, 2 км-ийн урттай бохир усны шугам, Дулааны 1 км шугам, гадна цахилгааны шугам сүлжээг тус тус татаж, 10 км авто замын ажлыг эхлүүлж  ойн зурвас байгуулжээ.


Тэгвэл энэ онд Шинэ суурьшлын бүсэд  0.7 га газар өмчлөх эрхийг иргэдэд үргэлжлүүлэн олгохын зэрэгцээ 12 тэрбумын санхүүжилтээр цэвэр дулаан, бохир усны шугам сүлжээ, гадна холбоо, гадна цахилгааны холболтыг тэлэх, хаус  хороолол байгуулах, нийтийн орон сууц,  ногоон байгууламжаар илүү өргөжин тэлж, 10 км авто зам ашиглалтад орох юм.

Сонирхуулахад, Тус бүсэд ашиглалтад орсон Ерөнхий боловсролын “Гэгээн сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолбор аймагтаа анхдагч "Хүүхдийн автобус"-тай сургууль болсон бөгөөд хоёр чиглэлд сурагчдад үйлчилж байгаа аж.

Холбоотой мэдээ