ХОВД: 16 мянга гаруй хүн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-09 11:45:32

Ховд /МОНЦАМЭ/. Улс орон даяар зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд Ховд аймаг 16 мянга гаруй иргэнээ хамруулаад байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гаргасан.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Судалгаанаас үзэхэд  2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд нийт 16 мянга гаруй хүн дээрх үзлэг, оношилгоонд хамрагджээ.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, өөрийгөө эрүүл гэж тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо цаашид үргэлжлэх учраас иргэд хөдөлмөрчид харьяа эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан цогц үйлчилгээ авах бүрэн боломжтой. 

Түүнчлэн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэдэх "Эрүүл мэндийг дэмжих төв"-д албан байгууллагаараа хандан урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийлгэх боломж нээлттэй байна.  Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтан, албан хаагчдынхаа бие бялдар, эрүүл мэндийг хөгжлийг дэмжиж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулжээ. 

 

Холбоотой мэдээ