Зөвлөлдөх санал асуулгыг гуравдугаар сард зохион байгуулах саналаа УИХ-д хүргүүлэхээр болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-10 13:53:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд явуулах зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, өчигдөр болсон анхдугаар хуралдаан болон өнөөдрийн хуралдааны шийдвэрүүдийг танилцууллаа.


Тус зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хүрээнд хийх ажлуудын цаг хугацааны асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 тоот тогтоолд Зөвлөлдөх санал асуулгыг ирэх сарын 20-ны дотор зохион байгуулахаар заасан. Зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, хамрах хүрээг тодорхойлох, асуултын төслийг шийдвэр гаргагчдад болон иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулж, саналыг нь тусгаж эцэслэн батлах, улмаар асуултыг санал асуулгын програмд оруулж, туршилт тохируулга хийх, биечлэн уулзаж, нүүр тулсан ярилцлагын аргаар санал асуулгыг авах ажилд оролцогчдыг сургаж бэлтгэх зэрэг ажлын далайц, хүрээ хэмжээ өргөн, цаг хугацааны хувьд шахуу байгааг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд хэлэлцээд, дээрх тогтоолоор товлосон хугацааг сунгаж энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрийн дотор хийх саналаа УИХ-д оруулж шийдвэрлүүлэхээр тогтсон аж.


Мөн Зөвлөлдөх санал асуулгын асуултын анхны төслийг боловсруулах гурван ажлын дэд хэсэг байгуулахаар болов. Эдээр ажлын дэд хэсгүүд нийгмийн, эдийн засгийн болон улс төр, засаглалын чиглэлээр тус тусын асуултын төслийг боловсруулж, Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх юм. Нийгмийн чиглэлээр ажиллах ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Мандхайхатан, Эдийн засгийн ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, Улс төр, засаглалын ажлын дэд хэсгийг гишүүн Г.Галбадрах ахалж ажиллахаар болов.

Холбоотой мэдээ