Хунтайж Харригийн ном борлуулалтаараа дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-01-11 12:52:07

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн хунтайж Харригийн “Spare” дуртгал ном худалдаанд гарсан эхний өдрөө хамгийн их хувь борлогдсон уран зохиолын бус сэдэвтэй ном боллоо гэж “Transworld Penguin Random House” хэвлэлийн компани мэдээлжээ. Харри номдоо хувийн амьдралынхаа талаар дэлгэсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.


“Номын борлуулалт өндөр байна гэдгийг бид урьдчилан таамаглаж байсан ч хамгийн өндөр төсөөллөөс маань ч даваад байна. Бидний мэдэж байгаагаар эхний өдрөө үүнээс олон хувь зарагдсан ном бол өөр нэгэн Харригийн (Поттер) гол дүрийг нь бүтээсэн номууд юм” хэвлэлийн компанийн гүйцэтгэх захирал Ларри Финли мэдэгджээ.


Transworld Penguin Random House” компани Их Британи дахь номын борлуулалтын мэдээллийг эш татан мягмар гарагт мэдээлснээр, “Spare” ном цаасан хэвлэл, электрон, аудио хувилбараар нийтдээ 400 мянган хувь зарагдсан байна. Мөн Их Британи, АНУ, Австрали, Герман, Канадад “Amazon”-ы шилдэг борлуулалттай ном болжээ.


Харри болон түүний гэргий Меган нар 2020 онд хааны гэр бүлтэй холбоотой үүргээсээ татгалзаж, шинэ амьдралаа эхлүүлэхээр Калифорнийг зорьсон. Өнгөрсөн сард тэдний “Harry & Meghan” баримтат кино “Netflix” платформд тавигдсан юм. Хааны гэр бүл ном болон ярилцлагын талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд цаашид ч хийх төлөвгүй байна. 

Холбоотой мэдээ