Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеийнхээс 1.5-2 дахин их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-01-30 13:26:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн салбарын цаг үеийн нөхцөл байдал, эмийн сангуудын эмийн нөөц, хүрэлцээ хангамжийн талаар НЭМГ-ын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал танилцууллаа.


Тэрбээр, “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүнд 63.1 байгаа нь алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэсэн үг. Нийт өвчлөгсдийн дунд 1 хүртэлх насны хүүхэд 21, 2-4 насныхан 24 хувь, 5-9 насныхан 13.4, 10-15 насныхан 6.2 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос 3.8 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч хүндрэл их байгаа. Нийслэлийн хэмжээнд үндсэн 835 орон дээр 404 орыг нэмээд байна. Мөн төрөлжсөн зургаан эмнэлэгт үндсэн 726 ор дээр нэмж 226 ор дэлгэсэн. Томуугийн амбулаторийн цагийг ажлын өдрүүдэд оройн 17.00-21.00,  бямба гарагт 11.00-18.00 цаг болгож, илүү цагаар ажиллуулж байна. Мөн хүлээн авах тасагт нэмж 21.00, ид ачааллын үед 00.00 цаг хүртэл өрхийн эмч, амбулаторийн эмчээ ажиллуулж байгаа. Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеийнхээс 1.5-2, сувилагчийнх хоёр дахин их байна” гэлээ.

Хэдий одоо томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог байгаа ч цаашид дэгдэлт нэмэгдэх магадлалтай. Иймээс олон нийтийн газар амны хаалт зүүх хэрэгтэйг ч сануулж, уриалсан юм. Ковидын дэгдэлт харьцангуй гайгүй байгаа ч бэлэн байдлыг хангаж, эмнэлгүүдэд гурван сарын эмийн нөөцийг бэлтгэжээ.

Холбоотой мэдээ