ӨМНӨГОВЬ: Дундговь аймгийн нутагт оторлож байгаа малчид өнтэй өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-02-01 17:14:10

Өмнөговь/ МОНЦАМЭ/  Отрын малчдад төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор хил залгаа Дундговь аймагт “Отрын түр штаб"-ыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн байгуулсан.

 

Отрын штабт аймаг, сумдын төрийн алба хаагчид болон эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд хуваарийн дагуу газар дээр нь очиж малчдад үйлчилгээ хүргэж байна. 

 

Аймгийн Засаг дарга Р.Сэддорж нэгдүгээр сарын 31-ний өдөр отрын штабын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж малчидтай уулзалт хийлээ.

 

Ажлын баг Дундговь аймгийн Луус сумын төв дээр отрын малчдад 1600 гаруй боодол өвсийг хөнгөлөлттэй үнээр зээлээр олгох ажлыг зохион байгууллаа. Дундговь аймгийн Хулд, Луус, Адаацаг, Сайнцагаан зэрэг суманд өвөлжиж байгаа 50 гаруй малчин өрхүүд ирж хамрагдсан байна.

 

Отрын штаб байгуулан өвс,тэжээл олгох, эрүүл мэнд болон төрийн зарим үйлчилгээг цаг тухайд нь үзүүлж, отрын малчдын нийгмийн асуудалд онцгой анхаарч, малчин ардынхаа төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа алба хаагч нарт малчид талархал илэрхийллээ.

 

Манлай сумын Баянхошуу багийн малчин Б.Гүнжинлхам:


Энэ жилийн хувьд их хатуу хэцүүхэн өвөл болж байна. Цас шуурга, хавсаргатай их хүйтэн, хэдэн малаа онд оруулахаар тэмцээд л ингээд энэ газар хүртэл явж байна. Манайх Дундговь аймгийн Хулд суманд өвөлжиж байгаа. Өвөлжиж байгаа нутгийн иргэд их сайхан хүлээн авч дэмжиж байгаа. Мөн аймгийн удирдлага нутаг орныхон минь биднийг үргэлж эргэж тойрч, санаа тавьж байгаад бид их баяртай байна. Бидэнд нэн хэрэгтэй байгаа өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр отрын бүс нутагт хүргэж ирээд тарааж өгч байгаа нь цагийн их зүтгүү хэцүү үед маш том дэм болж байна. Бүгдэд баярлалаа. Хотонд ороод малыг минь тэжээгээд өгч байгаатай л адилхан үйл юм даа.

 

Номгон сумын Хармагтай багийн малчин Б.Насанцэцэг:


Нутгаасаа хавар 5 дугаар сарын эхээр гарсан. Өмнөговь аймгийн нутгаар дамжаад 8 дугаар сарын дундуур Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт ирж өвөлжиж байна. Энд өвс ногоо сайтай тавлаг сайхан л өвөлжиж байна. Малчин өрх бидэнд хямдралтай үнээр өвс, тэжээлээр хангаж өгч байгаад тун баяртай байна. Орон нутгийн удирдлагууд ирж уулзаж байгаад сэтгэл сайхан байна. Хамаатан садан ирсэн шиг, хол нутагт яваа бид бүхэн баяртай байна. 

 


Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж:


Манай бүс нутгийн хувьд өвөлжилт нэлээд хүндхэн, малчид отроор явж байгаа юм. Тиймээс 12 дугаар сард болсон ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд өвлийг өнтэй давахад малчдад зориулан 3 тэрбум төгрөгийн өвс, тэжээлээр хангах төсөв батлуулсан. Энэ ажлын хүрээнд шим тэжээлтэй өвстэй газруудаас эхний худалдан авалтуудаа хийж, Дунговь аймгийн нутагт оторлож байгаа 50 гаруй малчдад өвс, тэжээлийг татан авчирч тарааж байна. Бусад аймгийн нутагт оторлож байгаа малчдад хүнд үед нь өвс, тэжээлийг хамгийн уян хатан хөнгөлөлтэй нөхцөлөөр олгож, бүс нутагт нь хүргэж өгч байгаа нь их том дэмжлэг болж байгаа билээ. Хөнгөлөлттэй үнээр авсан өвс, тэжээлийнхээ үнийг 2-3 жилд багтаан төлөх боломжийг аймаг орон нутгаас малчдад олгосон.

 

Холбоотой мэдээ