ӨВӨРХАНГАЙ: Анги удирдсан багш нар программ ашиглан сурагчдынхаа эрсдэлийг үнэлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-02 11:29:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас “Багш айлчлал” аргачлалыг боловсруулж, вэб болон аппликейшнд суурилсан программыг сургалтад нэвтрүүлж эхэллээ.


Тус аргачлалыг батлуулах Ажлын багийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, 150 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, мэргэжлийн байгууллагын албан хаагчдаас санал авч шат шатны хурлаар хэлэлцэн баталсан байна.


Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, үе тэнгийнхний дарамт шахалтыг таслан зогсоож, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хүүхэд нэг бүрийг судлахад энэхүү программ чухал ач холбогдолтой юм. Учир нь багш нар эдгээр асуудалд цаг хугацааг их зарцуулдаг аж.


Вэб болон гар утасны аппликейшнд мэдээллийн баазыг бүрдүүлж өгснөөр аймгийн ерөнхий боловсролын 32 сургуулийн 24 мянган сурагчийг анги удирдсан 800 гаруй багш шалгуур үзүүлэлтүүдийн дагуу богино хугацаанд үнэлж, эрсдэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авах боломж бүрджээ.

Тус программыг аймгийн Политехникийн коллежийн мэдээлэлзүйн багш нар бүтээсэн бөгөөд улсын хэмжээнд анхдагч ажил болж байна. 

Холбоотой мэдээ