Чингис хааны түүхийг шимтэн уншдаг Элчин сайд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
delgermaa@yahoo.com
2023-02-03 12:39:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Горелик 2 дугаар сарын 2-ны өдөр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочиллоо.


МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос Элчин сайд Д.М.Гореликтэй уулзах үеэрээ хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын  хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлж, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан юм.


Элчин сайд Д.М.Горелик уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад томилогдон ажиллаж буй хоёр дахь Элчин сайд гэдгээ тодотгоод уг албанд нэг жил гаруй хугацаанд ажиллахдаа зүүн аймгууд, хойд нутаг болон говийн аймгуудаар аяллаа. Ой, нуураар баялаг нутгийн хүн тул уулархаг, говиороо алдартай Монголын байгаль ихэд таалагдсан гэдгийг дурдав. Мөн Монголд ажиллахаар томилогдоход сурагч байхдаа түүх сонирхож, Чингис хааны талаар шимтэн уншдаг байсан нь ихэд хэрэг болсон. Хоёр улс газар зүйн хувьд алс холын зайтай оршдог ч энэ нь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад болдоггүй. Өнгөрсөн 2022 онд Монгол, Беларусь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиосон. Уг ойг тохиолдуулан  олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч харамсалтай нь цар тахлын улмаас төлөвлөснөөр болоогүй хэмээн тэмдэглэн хэлэв. 


Беларусиас Монголд хүнд машин механизм, хөдөө аж ахуйн машин техник, олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа сүүн бүтээгдэхүүн зэрэг нийтдээ 160 нэр төрлийн бараа нийлүүлдэг бөгөөд 2022 онд хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ өмнөх жилүүдээс 10-12 хувиар нэмэгдсэн байна.


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос хоёр улс харилцааны олон жилийн түүхтэйг дурдаад өнгөрсөн үеийн эерэг уламжлалыг сэргээхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал үүрэгтэйг онцолж, МОНЦАМЭ агентлаг нь Монгол Улсыг беларусьчуудад таниулахын тулд тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дотроо ажил төрлийн үйл ажиллагаатай БЕЛТА агентлагтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.


Уулзалтаар Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь  Беларусийн БЕЛТА агентлаг болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран мэдээлэл  болон сэтгүүлчид солилцохоор ярилцан тохиролцов. 

Холбоотой мэдээ