ӨВӨРХАНГАЙ: Н.Болормаа: Япончууд манай бүтээгдэхүүнийг шууд нэвтрүүлэх боломжтой гэж үнэлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-06 17:05:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Эсгий урлалын “Хангайн сор” брэндийг үүсгэн байгуулагч, театрын зураач, урлаач Н.Болормаатай ярилцлаа. Тэрбээр эсгий урлал, зээгт наамал, арьс ширээр монголд төдийгүй дэлхийд гайхагдсан бүтээгдэхүүн урладаг, удам дамжсан уран гарт нэгэн билээ. Сүүлийн жилүүдэд “Херо Энтертайнмент” студитэй хамтран ажиллаж, жүжигчдийн хувцас, өмсгөлийг урлаж байна.


- Та ажил, амьдралынхаа гараагаа хэрхэн эхэлж байв. Хэзээнээс гар урлалын бүтээлүүдээ хийж эхэлсэн бэ?

- Би есөн хүүхэдтэй, өнөр өтгөн айлын зургаа дахь охин. Аав минь зураач, сийлбэрч, түүхч Г.Намхайдагва гэж хүн байсан. Аймгийн Музейг үүсгэн байгуулж, амьдралынхаа гучаад жилийг зориулсан учраас нутгийн иргэд аавыг маань “Музейн” хэмээн хүндэтгэн авгайлдаг байсан юм. Миний ээж П.Янжинлхам гээд их уран хүн байлаа. Ээж маань ахуйн үйлчилгээнд оёдолчин, номын санч, номын худалдаа гээд соёл урлагийн байгууллагад ажиллаж байсан. Аав, ээжээсээ зурах, урлах, оёж хатгах авьяасыг өвлөж, багаасаа л гутал, хувцсаа засч янзлаад гоё болгоод өмсчихдөг, эгч дүү нартаа майк, цамц нэхээд өгчихдөг байв. Аав минь "Тэр хийсэн юмыг нь хардаа, миний охин сүрхий шүү" гээд л их урам өгдөг байж билээ.


1980-1984 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургууль /ДУДС/-ийг театрын зураач мэргэжлээр сурч төгссөн. Багш нар маань Монгол Улсын төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, МУУГЗ зураач С.Дондог, зураач С.Элбэгдорж, Б.Төмөрхуяг гээд дандаа академик боловсролтой, мундаг хүмүүс байлаа. Бидэнд мэддэг бүхнээ шавхаж заадаг байсан болохоор манай сургуулийн төгсөгчид маш чансаа сайтай зураачид байдаг.

Сургуулиа төгсөж ирээд аймгийнхаа Урчуудын эвлэлийн салбараас ажил, амьдралынхаа гараагаа эхэлсэн. Тэр үед салбарын эрхлэгчээр ажиллаж байсан зураач О.Дамдиндорж намайг сайхан угтаж авсан. Тэгж байтал зах зээлийн нийгэмд шилжиж, Урчуудын эвлэлийн салбар татан буугдаж, хувиараа ажиллаж эхэлсэн дээ. 




-Таны анхны бүтээл юу байв?

-Оюутан байхдаа сарлагийн хялгасаар өвөрмөц загвартай цүнх хийж, барьдаг байсан. Оюутнууд намайг цүнхээр минь таньдаг байлаа. Түүнээс хойш олон янзын цүнх урласан. Нэг удаа хотоос аймаг руу гэртээ харихаар онгоцоор явахдаа хар хялгасаар хөндлөн цагаан судалтай, мөнгөөр тоноглосон, эрдэнийн чулуугаар гоёж чимэглэсэн цүнх урлаад барьж явсан юм. Тэр үед сарлаг судлаач С.Доёддорж гуай тааралдаад “Алив, охин минь цүнхийг чинь үзье” гэлээ. Тэгээд нэлээн үзэж байснаа “Чи их чухал юм хийжээ. Наадахдаа оюуны өмчийн гэрчилгээ авах ёстой. Чамтай тусгайлан уулзмаар байна” гэсэн. Дараа нь надтай уулзаад нэлээн зөвлөгөө өгсөн. Тэр дагуу Оюуны өмчийн газар хандаж, Үндэсний хөгжлийн сайдаар ажиллаж байсан доктор, профессор Ж.Батсуурийн гарын үсэгтэй патент авч байв.


Тэр үед элчин сайдууд, манай томчууд, баячуудын эхнэрийн захиалгаар сарлагийн хялгасан цүнхээ хийж хэсэг явсан даа. Аав, нөхөр хоёр маань мана, гартаам гэх мэт чулууг зүсч өнгөлөөд мөнгөөр тоноглон илүү нарийн чамин загвар хийцтэй, цорын ганц, давтагдашгүй цүнхнүүд хийдэг байлаа. 


- Таныг бурхны зээгт наамал урлаач гэж онцолдог шүү дээ. Хэдэн бүтээл урлаад байна?

- 1995 онд Өндөр гэгээн Занабазарын даншиг наадам аймагт анх удаа болж байсан юм. Наадам зохион байгуулах ажилд аав, ах хоёр маань хоёр жилийн турш их ач холбогдол өгч оролцож, бэлтгэл ажлын талаар байнга ярилцдаг байлаа. Тэр үед би санаандгүйгээр Х.Нямбуу докторын бичсэн наадмын ерөнхий сценарийг олж уншаад Өндөр гэгээний дүрийг зээгт наамлаар бүтээх санаа төрж, үүнийгээ тухайн үеийн Наадмын комиссын дарга С.Чинзориг /одоо УИХ-ын гишүүн/-т хэлж эх загвараа бэлдээд танилцуулсан. Тэгээд аймгийн удирдлагууд дэмжиж гэрээ байгуулснаар Өндөр гэгээний дүрийг 4х6 хэмжээтэй зээгт наамлаар бүтээх завшаан тохиолдсон юм. 


Хийх ажил маань маш нүсэр, цаг хугацаа богино, гэтэл зардал мөнгө нь шийдэгддэггүй. Ингээд цаг алдахгүйн тулд өөрийн хялгасан цүнхний патентаараа ХОТШ банкнаас нэлээн хөөцөлдөж байж 500 мянган төгрөгийн зээл авсан байснаа зээгт наамлын ажилдаа зориулчихлаа. Тэр үед банкны зээл хоёр сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй байсан болохоор их л тэвдүү байсан санагдаж байна.


Гэтэл Соёлын хэлтсийн дарга н.Жаргалсайхан надтай холбогдоод “Аймгийн Засаг дарга Ж.Жанцандорж гуай тантай уулзья гэж байна. Японоос ирсэн хүндтэй зочинд гарын бэлэг өгөх хэрэгтэй, таны нөгөө гоё цүнхнүүдээс байна уу гэж асууж байна” гэдэг юм. Тэр үед Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Сатонарико гэх хүн манай аймагт Мэргэд сургуулийн шавыг тавилцахаар ирсэн байсан. Түүнд бэлэглэхээр миний цүнхийг авч байсан юм. Аз болоход тэр хүн Өндөр гэгээний наадамд зориулж, мянган доллар өгснийг Наадмын комиссыйн дарга надад хүлээлгэн өгснөөр би банкныхаа зээлийг дарж, санаа амран ажилдаа шуудран орж байлаа.  


Ингэж бэлтгэл ажил гэж нэлээн юм болсны дараа аавынхаа зөвлөснөөр нутгийн Тойдон гээд лам дээр очиж “жанлав” хүртээд Өндөр гэгээний хөргийг нөхөртэйгээ хоёулхнаа урлаж байлаа.


Бурхан бүтээнэ гэдэг нарийн дэг жаягтай байдаг. Тухайлбал, өөр ямар нэг захиалга хүлээж авахгүй, гадны хүмүүстэй уулзахгүй, бие, сэтгэлээ ариусган сүүн хоол идэж, тусгайлсан өрөөнд бүх анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг. Эх загвараа томруулаад торгоны өнгө тус бүрээр шоблоом хийж, цаваг наана гэхчлэн маш их ажилтай байдаг. Залуу насныхаа аагаар л хийсэн дээ. Одоо аймгийн Музейд хадгалагдаж байгаа.


Дараа нь 2010 онд Ганданпунцоглин хийдийн хамба лам Зундуйдамбаа гуайн захиалгаар Майдар бурханы зээгт наамлыг хийсэн. Өргөн нь 2 м, өндөр нь 3 м хэмжээтэй энэ зээгт наамлыг багш маань гэргийнхээ гэгээн дурсгалд зориулан ах дүү, төрөл садантайгаа хамтран захиалж байсан. Одоо Ганданпунцоглин хийдэд байдаг. Ер нь хувь хүмүүсийн захиалгаар бурхан нэлээн урласан.




- Зээгт наамлыг торгон зураг гэж хэлдэг. Маш ажиллагаатай, ур чадвар шалгасан эд байх. Онцлогоос нь хэлээч?

- Будгийг торго, зураасыг зээг гэж хэлж болно. Зүүний үзүүрээр урладаг, маш их цаг орсон нарийн чимхлүүр ажил байдаг юм. Зээгийн нэг ч эрчийг орхилгүйгээр шаглаж байж гоё болдог. Зээгийн эхлэл, төгсгөл нь монгол зургийн бийрний таталт адил үзүүрлэгдсэн байх ёстой.


Хадгалалт, хамгаалалт сайн байвал цоо шинээрээ он удаан жил байх боломжтой. Хадгалах горимыг алдах юм бол нарны гэрэл, тоос шороо, хүний гарын хир, утаа тортгоос шалтгаалж элэгдэлд орж, үзэмж нь гунддаг. Хамгийн хорлонтой нь хүний гарын хор юм. Яаж хийсэн юм бол, энэ юу юм бол гээд илээд, имрээд л, ховхолж үзэх гээд байдаг талтай. 


13 ДУГААР ЗУУНЫ ҮЕД МОНГОЛ ХҮН БОЛГОН ХИЙЖ ЧАДДАГ БАЙСАН ЭСГИЙ УРЛАЛЫГ

ОДОО ХҮН БҮР СУРМААР БАЙНА 


- Та аймгийн Засаг дарга нарын хөргийг зурсан байдаг. Анхны дарга нарыг танихгүй учраас зурахад хэцүү байв уу?

-О.Батмөнх дарга аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийн дарга нарын хөргийг зуруулах санал тавьсан юм. Аймаг байгуулснаас хойш 2001 он хүртэл аймаг удирдаж байсан 20 гаруй хүн байдаг юм билээ. Тэр хүмүүсийн хөрөг зургийг зурах даалгавар аваад эхний ээлжинд дээхнэ үеийн дарга нарын зургийг хайж олохоор Үндэсний төв архив, Намын архив, Кино, фото фондын архив гээд улсын бүх л архиваар орж хайсан. Нийгмийг аюулаас хамгаалах яамны архив руу ороход амар байгаагүй. Гэсэн ч учраа хэлж тайлбарлаж явсаар байгаад хэдэн зураг олсон. Зарим нь 3х4 харьцаатай жижигхэн зураг, зарим нь сонины зураг л олдож байгаа юм.


Мөн Ц.Жамсран, Б.Сүхбат, У.Заяат дарга нартай биечлэн уулзаж, зургийг нь авч байсан. Ингээд жилийн хугацаанд гучаад хөрөг зураг зурж хүлээлгэн өгч байв. Одоо аймгийн Захиргааны хоёр давхарт байдаг зургууд шүү дээ. 




- Сүүлийн үеийн Засаг дарга нарын хөргийг зурах уу?

- Б.Эрдэнэбилэгт даргаас хойш зураагүй. Уг нь зурчих боломж надад байна. Үүнээс хойш аймаг дахь ТИС-ийн захирлуудын хөрөг зургийг зурсан. Бас МАН-ын хорооны дарга нарын хөрөг зургийг зурсан. Гэхдээ тэр зургууд надад их дутуу санагддаг. Гүйцээж амжаагүй, дөнгөж таглаад байсан зургуудыг байрны нээлтээ хийх гээд аваачаад өлгөчихсөн болохоор одоо ч яс хавталзаад байдаг юм. 14-хөн хоногийн дотор тэр олон хүний зургийг зурна гэдэг арай л богино хугацаа байсан л даа. 




- Та бас эсгий урлалаар маш гоё бүтээлүүд хийдэг, “Хангайн сор” брэнд үүсгэж байсан. Энэ талаар ярилцъя?

- 2000 оноос хойш эсгий урлалаар дагнаж эхэлсэн. 2007 онд “Хангайн сор” брэндээ үүсгэж барааны тэмдэг авч байсан. Эсгий урлал бол Монголд тасарч байсан өв соёл юм. Бидний өвөг дээдэс дэлхийг эзэгнэж, Монголын нөлөө дэлхий дахинаа хүчтэй тогтож байх үед эсгий урлалын өв соёлыг олон улс оронд сурч мэдэж авсан байдаг.


Харамсалтай нь бид нүүдэлчдийн уламжлалт өв соёлоо дэлхийгээр нэг заачихаад эргээд өөрсдөө мартсан. Социализм, коммунизм гэж явахдаа эсгийг тоос шороотой муухай эд гэж үл тоож, урлах нарийн арга технологийг нь ч бас хаясан. Тэрийг хожим нь Норвегиуд буцааж бидэнд зааж өгсөн гэж боддог.


Гарын арван хуруунд багтахтай, үгүйтэй цөөн хэдэн хүн тэднээс эсгий урлалын арга технологийг сураад түгээн дэлгэрүүлсний нэг нь миний багш н.Бямбаа юм. Аймагт “Говийн санаачилга” ТББ-аас эсгий урлалын сургалт явуулдаг байсан тэр үед Баярмаа гэх эмэгтэй намайг сургалтад урьснаар анх очиж байлаа. Тэгэхэд Бямбаа гээд харваас мундаг багш сургалт явуулж байна. Надад мярнуусан ноос өгөөд “Энийг угаагаад ир” гэлээ. Мярнуусан хонины ноос аймаар тоос ихтэй байдаг л даа. Зөв технологиор нь угаачихаар өнөө тоос шороо ихтэй ноос чинь сэвсийгээд их гоё, хөвөн шиг болдог юм. Цэмбийтэл угаагаад аваад иртэл багш хараад “Энэ хүн юм хийдэг хүн байна. Маш гоё угааж. Одоо наадахаараа хантааз хийгээдэх” гэлээ.

Тэгээд багшийн заавар дор хантааз хийхээ бүх технологийг нь сурчихсан. Их сонирхолтой санагдаж, багшаасаа олон зүйлийг сурсан даа. Дараа нь би НҮБ, АДРА, Мерси Кор зэрэг ОУБ, “Ногоон алт” хөтөлбөр, ХЭДС-ийн санхүүжилтээр Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Увс, Завхан аймгийн 500 гаруй эмэгтэйд эсгий урлалын сургалт явуулж байсан.



13 дугаар зууны үед монгол хүн болгон хийж чаддаг байсан эсгий урлалыг одоо хүн бүр хийж сурмаар байна.


Чингис хааны “Өөрийнхөө хийсэн хоолыг ид, өөрийнхөө хийсэн хувцсыг өмс, өөрийнхөө нутагт амьдар” гэж хэлсэн сайхан үг бий. Энэ бол тусгаар тогтнол юм. 


ХЭРЭВ НАДАД САНХҮҮЖИЛТ ОЛДСОН БОЛ НЭГ БАГ, СУМЫН ИРГЭД БАЙНГЫН АЖИЛ, ОРЛОГОТОЙ БОЛОХ БОЛОМЖ БҮРДЭХ БАЙЛАА


- Та гадаад, дотоодын үзэсгэлэнд их оролцдог. Ямар улс орнуудад очиж байсан бэ?

- Эсгийний буян их юм даа. 2008 онд багштайгаа нэг үзэсгэлэн дээр гэнэт таардаг юм. Би чинь аймагтаа амьдардаг болохоор тэр бүр багштайгаа уулзах боломжгүй байдаг байлаа. Гэтэл Бямбаа багш надтай таарсандаа бөөн баяр болж, намайг МҮХАҮТ руу дагуулж очоод албан хүмүүст “Энэ миний алтан шавь байгаа юм. Намайг орлох хүн” гэж танилцуулснаар хилийн дээс алхаж үзээгүй байсан би анх удаа АНУ-ын Middletown хотод Монголыг сурталчлах өдөрлөгт оролцож байлаа. 

Дараа нь 2009 оноос Бельги улсад жил болгон зохиодог “Өвлийн гайхамшиг” үзэсгэлэн худалдаанд оролцсон. Европчууд гар урлалд маш хүндэтгэлтэй ханддаг, ялангуяа эсгий урлалд их дуртай, хэрэглээ ихтэй хүмүүс байдаг. Дэлхийн оюуны өмчийн газраас зохион бүтээгч эмэгтэйчүүдийн шинэ бүтээлийн үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэр үзэсгэлэнд хэд хэдэн удаа оролцож, алт, мөнгө, хүрэл медаль авч байсан.


2011 онд Япон улсын урилгаар очиж бүтээгдэхүүнээ танилцуулж, зах зээлийн судалгаа хийсэн юм. Япончууд манай бүтээгдэхүүнийг шууд нэвтрүүлэх боломжтой гэж үнэлсэн. Их хэмжээгээр бүтээгдэхүүн нийлүүлэх санал хүлээж авсан ч нийлүүлж чадаагүй байгаа. 

Учир нь надад үйлдвэрлэл байгуулах шаардлага тулгарсан. Үүнд тухайн үед хамгийн багадаа 250 сая төгрөг хэрэгтэй байсан учраас төсөл бичээд хэсэг явсан л даа. 

ЖДҮХС-аас зээл авах санаатай хөөцөлдөөд бүтээгүй. Уг нь 2006-2012 онд хэрэгжсэн Монгол-Японы хамтарсан “Монгол үйлдвэрлэл хөгжүүлье” төслийн “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” үндэсний хөтөлбөрт шалгараад байсан юм.


Хэрэв надад санхүүжилт олдсон бол энэ хөтөлбөрийг нутагшуулж, нэг баг, сумын иргэд байнгын ажил, орлоготой болох боломж бүрдэх байсан. 


- Одоо үүнийг хэрэгжүүлэх боломж байгаа юу?

- Би байдаг бүхнээ заагаад үлдээхэд бэлэн байна. Энэ бол миний хүсэл. Миний сургалтад суусан хүмүүс сурах, хийх гэсэн оргилуун хүсэлтэй байдаг. Яг тэр халуун дээр нь байнгын ажилтай байлгамаар байна шүү дээ. Гэтэл надад үйлдвэр байхгүй, ажлын байраар нь хангаж өгч чадахгүй учраас бүгд бор зүрхээрээ л явцгааж байна. Зарим нь “за яахав” гэж хойш тавьж байгаад сурснаа мартаж байна.


- Өөр ямар улстай харилцаа холбоотой ажилладаг вэ?

- Бельги, Люксембург улсад ажиллаж амьдардаг монголчуудаас эсгий урлалын “Хангайн сор” брэндтэй хамтарч ажиллах хүсэлтүүд өгдөг. Үүний тулд Богдын хөх, Уянгын бор сарлагаар газарзүйн заалт авах санаатай байгаа. Газарзүйн заалт авчихвал Олон улсын зах зээлд илүү үнэ цэнтэй бүтээгдэхүүн болдог. 


ӨНДӨР ГЭГЭЭНИЙ НУТАГТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ДУНД СУРГУУЛЬ БАЙГУУЛААСАЙ ГЭЖ МАШ ИХ ХҮСДЭГ


- Та өөрийн ур чадвараа залуу үед өвлүүлэх талаар ямар бодолтой байна вэ?

- 20-30 насны залуучуудад сургалт явуулах гэж үзлээ. Гэвч юм сурах хүсэл сонирхолгүй, сэтгэл санааны хувьд их тогтворгүй, хөдөлмөр эрхлэх төлөвшил суугаагүй нь ажиглагддаг. Тиймээс хүүхдийг багаас нь буюу 4-5 дугаар ангиас нь авьяас сонирхлынх нь дагуу хөдөлмөрлөх дадал олгох хэрэгтэй байна. Хүүхдэд ирээдүйд эзэмших мэргэжлийнх нь дагуу орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн байх хэрэгтэй.


Миний төгссөн ДУДС одоо Академи болж өргөжсөн. Монгол Улсад Дүрслэх Урлагийн Академи байгаа нөхцөлд дунд сургууль зайлшгүй байх ёстой. Гэтэл Дүрслэх урлагийн дунд сургууль орон нутагт ерөөсөө байдаггүй. Энэ сургуулийг Өндөр гэгээний нутагт байгуулаасай гэж маш их хүсдэг. 


Хэрэв энэ сургуулийг Өвөрхангай аймагт байгуулж, энэ чиглэлээр сурах сонирхолтой хүүхдүүдийг багаас нь бэлтгэвэл нутгийнхаа төдийгүй улсынхаа нэрийг дэлхийд дуурсгасан академик боловсролтой, ур чадвартай, чансаа өндөртэй урлаачид олноор төрөн гарна. Яагаад гэвэл Өвөрхангай аймаг урчууд ихтэй, Өндөр гэгээний төрсөн нутаг учраас газартаа “жанлав”-тай нутаг.


Гарын, нүдний, ухааны уртай хүмүүс бол улс орноо авч явах баялаг бүтээгчид байдаг. Энэ тухай холбогдох бүх хүмүүст хэлж байсан. Монголын Урчуудын Эвлэлийн Удирдах зөвлөлийнхөн, Дүрслэх Урлагийн Академийн удирдлагууд, манай аймгийн урчууд энэ саналыг их дэмждэг. 




- Та сая “Тамгагүй төр” жүжиг дээр ажилласан гэсэн. Их ачаалалтай ажиллав уу?

- "Херо" энтертайнментийн Б.Баатар найруулагчийн захиалгаар “Тамгагүй төр” жүжгийн олны хэсэг болон зарим туслах дүрийн жүжигчдийн иж бүрэн хувцсыг урласан. Б.Баатар найруулагч жүжигчдийн гутлыг археологийн олдворт тулгуурлан тэр үеийнх нь технологиор, монгол уламжлалт аргаар хийх ёстой, та хичээгээрэй гэсэн болохоор булш, бунхнаас гарсан хувцас хэрэглэлийг эсгий бол эсгийгээр, арьс бол арьсаар яг байгаагаар нь хийсэн. Аав минь арьс шир боловсруулах уламжлалт арга зааж өгч байсны хэргийг хийлээ.


Тухайлбал, тоохуу гутлыг үхрийн зооны ширээр хийсэн. Зооны ширийг авахын тулд шалан тойруулгын арга хэрэглэдэг. Зоо нуруунаас нь хааш хаашаа дөрвөн хуруу аваад уламжлалт аргаар боловсруулдаг. Үүнийг аав маань зааж өгч байлаа. Гутлын дотрыг таараар хийж, биед эвтэйхэн байх үүднээс зөөлөн улавч тавьсан. Хонины ноосыг угааж самнаад будаад 5-6 дахин зулж эсгийжүүлээд зулайвч хийсэн гэх мэтээр маш их сэтгэл, ур ухаан шингээж оёсон. 70-аад хос гутал хийсэн болохоор олон үхрийн шир орсон. Одоо тайзны тоглолтод зориулж дахиад өөрчилж байгаа. 



- Хүмүүстэй хамтарсан уу, хэр хугацаанд хийсэн бэ?

- Шавь нартайгаа хамтраад хурдхан хийчихнэ гэж бодож байсан чинь коронагийн халдвар тархаж, хөл хорионд ороод яалт ч үгүй гол ажлаа ганцаараа нугалсан. Хоногийн уртаар л хийсэн дээ. Тайзны арын үйлдвэрлэл гэдэг чинь асар том үйл ажиллагаа юм. Б.Төмөрхуяг багш маань “Театрын зураач юм болгоноор юм хийх ёстой. Уран зураач хүн холст, будаг хоёртой л нөхөрлөдөг бол театрын зураач арьс шир, эсгий, баримал сийлбэр, уран зураг гээд бүх чадварыг эзэмших, мод, чулуу, цаас, шавар, төмөр гээд гартаа байгаа бүх материалыг ашиглаж хүссэнээ хийх чадвартай байх ёстой” гэж сургадаг байсан. 


- Таны аавын тухай ярихгүй өнгөрч болохгүй. Музей, архив зэрэг үнэт өв соёлыг өвлүүлэн үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн шүү дээ? 

- Аав минь хоёр дайнд оролцож явсан. Үндэсний архивын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тэр үедээ тухайн байгууллагын барилгын шавыг тавьж бариулж байснаас гадна архив гэж юу болох, түүнд юу хадгалах ёстойг мэдүүлж өгсөн гавьяатай хүн юм.

Сүүлд нь намын илгээлтээр Хэнтий, Булган аймагт ажиллаж байгаад Бат-Өлзийд ирж, сум, нэгдлийн даргаар ажилласан. Дараа нь соёлын өв устаж байна гэж сэтгэл нь их зовдог байсны хувьд аймагтаа Музей байгуулж хөгжүүлэхээр ирж байсан юм. Анх ажил авахдаа хоёр шуудай сан хөмрөг гэх зүйл л хүлээж авсан гэж ярьдаг байсан. Тэгээд одооны энэ хоёр давхар саарал барилга, угсаатны зүйн таван гэр музей, Занабазарын музей гээд, энэ бүхнийг бий болгоход амьдралынхаа сүүлийн гучаад жилийг зориулсан даа.

Зөвхөн аймгийн Музейг байгуулаад зогсохгүй, 19 суманд Орон нутаг судлах кабинет байгуулж, тухайн газар нутгийн онцлог, өв соёл, сумын алдартнуудын тухай гээд бүх зүйлийг бүрдүүлж өгч байсан юм. Миний аав маш их хөдөлмөрч, тал бүрийн мэдлэгтэй, уран сийлбэрч хүн байсан. Одоо бодохоор ааваасаа асууж сурч, мэдэж байх минь яав даа гэж бодогддог.  Гэхдээ аавын минь хэлж ярьж байсан нь сэтгэлд хоногшоод үлдсэн байдаг юм.


- Уран бүтээлийнх нь тухай дурдахгүй юу. Та аавынхаа ямар бүтээлийг хувьдаа хадгалдаг вэ?

“Муур багш”, “Шунал ихэдвэл шулам болно”, “Уургач” гээд гоё гоё бүтээлүүдтэй. Аавын минь бүтээлийг Оросын “Искуство” гээд сэтгүүлд нийтлэхдээ “Гар урлалын бүтээлд шинэчлэл хийж, тухайн нийгмийнхээ өнгө төрхийг харуулсан түүхэн бүтээлүүд урласан” гэж онцолж бичсэн байсан.


Аав, бид хоёрын хооронд бусдаасаа илүү барилдлага байсан юм болов уу гэж боддог. Нэг сонин зүйл өгүүлэхэд 2006, 2007 оны үед хаврын нэг өдөр гадаа алхаж явтал миний өмнө жижигхэн модон тайрдас шиг зүйл барьчихсан жаахан хүү алхаж явсан юм. Уг нь би их анзаарга муутай хүн шүү дээ. Гэтэл хүүгийн хажуугаар өнгөрөхдөө зэрвэс хартал нэг танил зүйл харагдсан. Лавшруулаад хартал аавын минь гарын үсэгтэй Карл Марксын модон сийлбэр байсан. Намайг бага байхад аав минь энэ бүтээлийг урлаж тухайн үеийн Намын хороонд бэлэглэж байсан юм. Гэтэл тэр хүүхэд гадаа хайснаас олсон гэсэн. Тэгээд хүүхдийн аав, ээжтэй нь уулзаж учир байдлаа хэлээд гарыг нь цайлгаад аавынхаа бүтээлийг авсан даа. 


- Таны хоёр ах олны танил зураачид. Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Н.Орхон хөрөг зургаараа, Н.Оргил шог зургаараа алдартай. Ах нарынхаа талаар ярьж өгөөч?

- Н.Орхон ах маань бидэнд их үлгэр дуурайлал болдог байлаа. Тэр үеийн модон шал, модон цонхыг яаж угаахыг зааж өгөөд байнга угаалгана. Ахын цамцыг угааж өгнө гэдэг бол охин дүү нарынх нь хувьд том “тендер” байдаг байв. Ах маань Жамухаас авахуулаад үе үеийн сурвалжит хүмүүс, төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын одуудын хөргийг захиалгаар зурсан. Хөрөг зургийн мастер гэж мэргэжил нэгтнүүдийнхээ дунд хүлээн зөвшөөрөгдсөн хүн.


Н.Оргил ах маань бас уран бүтээлийн билиг танхай авьяастай. Зүүн хүрээний Дашчойлин хийдэд Майдар бурхны, Арвайхээр хотын төвд Өндөр гэгээний сэрэг дүрийг бүтээсэн. Энэ жил Урчуудын эвлэлийн шилдэг уран бүтээлчийн шагналыг авсан. Нөхөрсөг шогоор олон уран бүтээл туурвиж, ном гаргасан.



- Таны хань ч бас гайхалтай уран бүтээлч байсан. Хүүхдүүд нь энэ гайхалтай билиг авьяасыг хэр өвлөж байна вэ?

- Миний хань Ц.Бундхорол ДУДС-ийн Монгол зургийн ангийг төгссөн, их чадвартай зураач байсан. Бас эрэгтэй хүн гэхэд их гоё оёно. Бид хоёр уран бүтээлээ хамтраад хийдэг, намайг их дэмждэг байсан. Орон нутгийн бүх л захиалгат ажлуудыг хамтраад хийдэг байсан. Хоёр охин хоёулаа урлахуй авьяастай. Том охин Б.Солонго маань аавынхаа дурсгалд зориулаад “Бундана” брэндийг үүсгэж, эсгий урлалаар дагнан ажиллаж байна. Бага охин Б.Уянга аавынхаа мэргэжлийг өвлөж авсан.


- Н.Сома багш таны дүү байх аа?

- Тийм, зулай зулайгаа гишгэж төрсөн дүү маань. Ломоносовын их сургуулийг Гүн ухааны мэргэжлээр төгссөн. Монголын ард түмэн дүүг маань “Сионийн мэргэдийн протокол”, “Алтан эрин үү, цахим гяндан уу”, “Удмын доройтол”, “Шинэ иргэншил ариун хөрсөнд цэцэглэнэ” зэрэг ном, соён гэгээрүүлсэн илтгэл, сургалтуудаар нь сайн таньдаг. Хүмүүсийг төөрөгдлөөс нь ангижруулахын төлөө өөрийн мэдлэг, сэтгэлээ зориулж яваа, Монголын эзотерик ухааны академийн тэргүүн, Эзотерикч хүн л дээ. Их даруухан, нийгэм тун болохоо байхаар нь гарч ирж хэдэн үг хэлдэг, бусдаар хүний нүдэнд өртөөд байхыг хүсдэггүй, ийм л хүн дээ.


- Таны хувьд хийсэн бүтээсэн ажил ихтэй, ураг удамд тань нэр алдартай хүмүүс олон учраас ярих зүйл их байлаа. Гэвч ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Таны уран бүтээлд өндөр амжилтыг хүсье. 



























Холбоотой мэдээ