ОРХОН: Нөхөрлөл, Тэмүүлэл, Амжилт уриан дор өвлийн спортын наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-08 14:14:57
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ Б.Шаравын “Сэрсэн тал” бүтээлээр Монголын Бүх ард түмний спортын 16, Хүүхдийн спортын 7 дугаар наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэллээ.

Наадмын нээлтэд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, Орхон аймгийн засаг даргын орлогч, Наадмыг зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал болон Булган, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдлагууд оролцсон юм.  


Өвлийн наадмыг нээж А.Түвшинжаргал хэлэхдээ, “Орхон аймаг өвлийн спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн наадмыг амжилттай зохион байгуулж байна. Орхон аймаг, Эрдэнэт хот хэзээний их спортыг дэмжиж ирсэн учраас тив, дэлхийд дуурсагдах шилдэг тамирчид энэ хот, энэ дэвжээнээс төрөн гардагт бид бахархдаг.  Өнөөдрийн энэхүү наадмаас ч ирээдүйн  олимпын тамирчид гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Наадмын нээлтийг 6000 хүний суудалтай Хангарьд спорт цогцолборт хийлээ. Нээлтэд 12 аймаг, Улаанбаатар хотын 7 дүүргийн 1000 гаруй тамирчин, дасгалжуулагч, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Тэд Монголын өвлийн олимп хэмээн нэрлэгддэг уг наадамд оролцож байгаадаа баярлахын зэрэгцээ, Орхон аймаг өндөр зохион байгуулалттай ажиллаж байгааг онцлов.

Тамирчид 7 өдрийн турш гүйлтийн цана, уулын цана, шайбтай хоккей, гүйлтийн тэшүүр, снөүбоард, шорт трейкийн төрөлд өрсөлдөнө. Наадам энэ сарын 6-наас снөүбоардын тэмцээнээр эхэлсэн. Өнөөдөр уулын цана, хоккей, шорт трейкийн тэмцээн эхэлллээ.

 

 



 

 


Холбоотой мэдээ