ДУНДГОВЬ: Сайхан-Овоо сумын сургуулийн сурагчид хичээлийн шинэ байрандаа хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-09 16:01:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайхан-Овоо сумын ерөнхий боловсролын дунд сургуульд 40 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж, 400 орчим суралцагч сурч байна.

Аймгийн төвөөс хамгийн алс буюу 210 км-т орших тус сумын сургуулийг онцлохын учир нь хичээлийн шинэ улирлаас эхлэн 320 хүүхдийн сургуулийн шинэ байранд хичээллэж эхэлсэн явдал юм.



1940-өөд онд анх Онгийн голын хөвөөнөө хоёр гэр, хоёр багш, хорин сурагчтай боловсролын салбарт түүхэн мөрөө нээсэн энэ сургууль хичээлийн гурав дахь байрандаа ийнхүү нүүн орсон бөгөөд 320 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байрыг улсын төсвийн 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "ТЭД" ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгчээ.

Боловсролын салбарт 82 жилийн түүхтэй тус сургууль 1100 гаруй хүнд анхан шатны, 2400 гаруй төгсөгчид бүрэн дунд боловсрол эзэмшүүлжээ.

2005-2006 оны хичээлийн жилд тус сургууль Монгол Улсын Гавьяат багш Ц.Пэлжээгээр овоглож, 2006 оноос суурь боловсрол олгох 9 жилийн дунд сургууль болон өргөжсөн аж.



Дундговь аймгаас төрсөн анхны гавьяат багш Ц.Пэлжээ маш их чадвартай, өвөрмөц хүн байсан гэдгийг шавь нар нь дурсан ярьдаг. Тэрээр самбар дээр бичихдээ 2 гараараа зэрэг бичдэг, нэг гараараа зурж байхад, нөгөө гараараа бичиж байдаг, хүүхдийг сургах, хүмүүжүүлэх өвөрмөц арга барилтай, хүүхдүүдтэй эвээр, зөөлөн харилцаж, өөрийгөө ойлгуулж чаддаг багш байсан гэх. Гавьяат багш Ц.Пэлжээ тус сургуулийн хоёр дахь захирлаар ажиллаж байжээ.

Сүүлийн 30 гаруй хичээлийн жилд сургалтын чанараар аймагтаа эхний 8 дугаарт жагсаж байгаа амжилтаас гадна Онги голын хөвөөнд байх давуу талаа ашиглан тэшүүрийн спортоор хүүхэд залуусаа хичээллүүлж, улс аймгийн тэмцээнд удаа дараа тэргүүлсэн тамирчид болон төгсөгчдөөрөө тус хамт олон бахархдаг.

Сайхан-Овоо сумын сургуулийг төгсөгчид болон хамт олноос Монгол Улсын Гавьяат багш Ц.Пэлжээ, ХАА-н ухааны доктор профессор, Монгол Улсын зөвлөх инженер Д.Чандмана, Шинжлэх ухааны доктор З.Адъяасүрэн, Ц.Чулуунбаатар, Б.Баяртөр, Монгол Улсын Ардын зураач, төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн  М.Цэмбэлдорж, Хүний гавьяат эмч П.Цэнд, Хөдөө аж ахуйн гавьяат, аймгийн 14 дэх Засаг дарга Н.Чагнаа, гавьяат багш З.Цэвээнравдан, эрдэмтэн доктор Д.Баяртөр, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат Д.Мягмар, Монгол Улсын начин, спортын мастер Ц.Улаанхүү, Шинжлэн судлагч, зохиогч, Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Банзрагч, спортын мастер Б.Гунгаадаш, В.Дэлгэр, Ш.Лүгчин, Ч.Жанчив, С.Ганхүү, Улсын залуу аварга малчин Н.Сэндум, Ж.Адъяасүрэн нарын алдартнууд төрөн гарчээ.   



Холбоотой мэдээ