Таван зуу гаруй айл отроор өвөлжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-13 08:13:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн отрын бүс нутагт 10 аймгийн 545 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 493 мянга гаруй мал отроор өвөлжиж байна.


Үүнээс хамгийн хол нь Увс, Говь-Алтай, Завхан аймгийн малчид оторлож байна. Мөн Улаанбаатар хотын Налайх, Багануур, Баянзүрх, Багахангай дүүргийн малчид оторлож байгааг тус багийн Засаг дарга Ж.Март хэлжээ.

Хэдийгээр баг, тосгон ч гэлээ отрын бүс нутаг гэдэг утгаараа олон аймгийн, олон иргэн өвөлжиж, хаварждаг тул Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх шаардлага гардаг. Тиймээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус аймагт ажиллах үеэрээ ЭМТ-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тохиромжтой автомашин олгохоор шийджээ.


Мөн нийт нутгийн 50 орчим хувь нь отрын бүс учраас нутгийн иргэд зусахад бэрхшээл тулгардаг. Иймд 10 мянга га газрыг отрын бүсээс гаргах хүсэлтийг сум, орон нутгийн удирдлагууд Шадар сайд болон ХХААХҮ-ийн сайдад хүргүүлснийг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөсөн байна.

Дэлгэрхаан сумын хадлангийн нөөц газарт өвсний гарц тааруу байснаас аймгийн Баян-Адарга сумын нутгаас 90 тн байгалийн хадлан, 35 тн тэжээлийг сумын нөөцөд, малчид иргэд 1800 тн өвс худалдан авчээ.

Холбоотой мэдээ