МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх цаг болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-28 15:24:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл ялгавартай байгаа талаар МҮЭХ-ноос мэдээлэл хийв.

Тухайлбал, бага дунд орлоготой залуу гэр бүл орон сууц авах нь хүнд болсон. Хотын төвийн байр ам метр нь 5-6 сая, хотоос зайдуу нь 2-3 сая төгрөг байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх цаг болсныг МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэмдэглэлээ.


Тэрбээр, “Олон улсын жишгээр БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 7 ам.доллар байхад манайх 1 ам.доллар. Иймд хөдөлмөр эрхлэх насныхан гадаад улсад хөдөлмөрөө үнэлүүлэхийг зорьж байгаа. Ажилчдын цалинг 4-5 дахин ялгаатай нэмж байгаа нь ялгаварлан гадуурхалт юм. Гурван ам бүлтэй айл сард 1,6 сая төгрөгтэй байснаар наад захын хүнсний хэрэгцээгээ хангана. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа нь гэр бүлээ тэжээх боломжгүй мөнгөн дүн. Нэг хүн багадаа 620 мянган төгрөгтэй байж л хэрэглээгээ арай ядан хангана” хэмээсэн юм

Монголчуудын дундаж цалин 2014-2023 он хүртэлх 9 жилийн хугацаанд 40 ам.доллароор нэмэгджээ.


Түүнээс гадна МҮЭХ-нд иргэдээс “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг ард түмэндээ олгох шаардлага олноор ирсэн байна. Хувьцааны ногдол ашгаас тогтмол хүртэж, ард түмэн хянадаг тогтолцоо руу шилжье. Хувьцааны ашгийг 2024 он хүртэл төмөр зам барихад зарцуулсан, өр зээлтэй гэх шалтгаанаар өгөөгүй. Их хэмжээний зээл аваад сонгуулийн дараа төлнө гэдэг байдлаар хойш тавьсаар цалин, нийгмийн хамгаалал буурч байна. Бидний шаардлагыг хавар болтол хүлээж авахгүй бол хатуу тэмцэхээ МҮЭХ мэдэгдэж байгааг С.Эрдэнэбат уламжиллаа. 

Холбоотой мэдээ