Мөсний хоккейн Азийн 18 хүртэлх насны өсвөрийн аварга болон IV дивизионы Дэлхийн аваргын тэмцээн “Мөсөн өргөө”-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-04 18:26:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөсний хоккейн спортын Ази, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насны өсвөрийн аварга шалгаруулах болон IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 11-26-ны өдрүүдэд “Мөсөн өргөө”-нд болох гэж байна.


Тодруулбал, Олон улсын хоккейн холбоо /ОУХХ/-ны 2022 оны 6 дугаар сард Швед улсад болсон хурлаар 2023 онд болох уралдаан тэмцээний товыг зарлажээ. Ингэхдээ 2023 онд зохиогдох Ази, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насны хүүхдийн аварга шалгаруулах болон IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрх олгосон байна.


"Монгол Улс ийм төрлийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авахын төлөө удаа дараа хүсэлт гаргаж байсан. Гэвч ОУХХ-ны тэмцээн зохион байгуулах шалгуурыг давж байгаагүй. Тус холбооноос олон улсын тэмцээнийг зохион байгуулах улс оронд тодорхой нөхцөл болзол хангахыг шаарддаг бөгөөд Монгол Улс энэ шалгуурт бүдэрч байв. Харин улсын нийслэл Улаанбаатар хот "Мөсөн өргөө"-тэй (Steppe Arena) болсноор дээрх болзлыг хангасан" хэмээн тус ордонд өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.


Дээрх хоёр төрлийн тэмцээнийг зохион байгуулахад 1.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Түүний 50 хувийг ОУХХ гаргах аж. Харин үлдсэн 50 хувийг зохион байгуулагч орны энэ спортод элэгтэй иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байгаа юм байна.


Тэмцээнд оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн багуудын байдлыг харвал Филиппин улсын шигшээ багт өндөр зэрэглэлийн тоглогч хоёр чех хүүхэд иргэншлээр тоглох болжээ. Мөн Индонез улсын шигшээ багт өндөр зэрэглэлтэй өөр орны тамирчин хүүхдүүд багтаж байгаа ажээ.


Монгол Улсын хувьд Үндэсний шигшээ баг болон залуучуудын хоёр багт нийт 50 гаруй тамирчин бэлтгэлд гарчээ. Тамирчид “Мөсөн өргөө”-нд бэлтгэлээ хангаж байгаа хэмээн дасгалжуулагч А.Мэргэн хэлж байна. Шигшээ багийн тамирчдыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Бугант зэрэг газраас бүрдүүлжээ.


Ази, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насны өсвөрийн аварга шалгаруулах мөсний хоккейн тэмцээнд Монгол Улсын багтай нийлээд 6, IV дивизионы Дэлхийн аваргын тэмцээнд 4, нийт 10 баг өрсөлдөх бөгөөд 450 гаруй тамирчин манай улсад хүрэлцэн ирэх аж. Мөн тэдний дэмжигчид болон албаны хүмүүс ирэх юм. 


Ази, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насны өсвөрийн аварга шалгаруулах хоккейн тэмцээн 3 дугаар сарын 11-17, IV дивизионы Дэлхийн аваргын хоккейн тэмцээн 23-26-ны өдрүүдэд “Мөсөн өргөө”-нд болно.




Холбоотой мэдээ