ХОВД: Соёлын сайд Ч.Номин орон нутагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-06 15:46:34

Жаргалант /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэрээ соёл, урлагийн байгууллагын ажилтан алба хаагчидтай уулзлаа.

Ховд аймгийн хэмжээнд орон нутгийн өмчийн 19 соёл, урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулдгаас Хөгжимт драмын театр, аймгийн музей, номын сан, 16 соёлын төвд нийтдээ 194 албан хаагч ажиллаж байна.

2022-2023 оны төсвийн жилд Ховд аймагт хөрөнгө оруулалтын чиглэлээр олон угсаатны театрын барилга, кино театрын барилга барихаар 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт тавигдсан байдагХарин орон нутгийн зүгээс аймгийн Соёл урлагийн газрыг өөрийн байртай болгох, соёлын төвүүдийн номын сангийн тохижилт хийх, сумын соёлын төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, аймгийн музейн барилгын засвар хийх, цалингийн санг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байгаагаа Соёлын сайдад уламжилсан байна. 

Цаашид Соёл, урлагийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг орон нутагт  тэгш хүртээмжтэй болгох,  соёлын аялал жуулчлалыг  хөгжүүлэх,  соёлын мэргэшлийн ажилтны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөсөн тухай тус уулзалтын үеэр албаныхан ярьж байв.  

Энэхүү уулзалтын дараагаар Соёлын сайд Ч.Номин Ховд аймагт гар урлал эрхэлж буй туршлагуудтай танилцаж, зарим өвлөн уламжлагчдын санал бодлыг нээлттэй сонслоо.

Холбоотой мэдээ