ӨМНӨГОВЬ: Ахлах ангийн 120 сурагчид мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад /МОНЦАМЭ/ Эх орны ирээдүй болсон
төгсөх ангийн сурагчдын мэргэжил сонгох чухал цаг үед мэргэжлийн баримжаа
олгох сургалтыг холбогдох байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Тодруулбал, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан хүүхэд, өсвөр үеийнхний оролцоонд тулгуурлан төрийн болон цэргийн хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны онцлогийг таниулах зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн 120 сурагчийг хамруулж “Эх орны ирээдүйн эзэд” арга хэмжээ зохион байгууллаа.
Энэ нь залууст эх оронч үзэл санааг төлөвшүүлж, мэргэжил сонгоход дэмжлэг үзүүлэх юм. "Эх орны ирээдүйн эзэд” үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн ЗДТГ, Боловсрол шинжлэх ухааны газар, Хилийн болон зэвсэгт хүчний ангиуд, Цагдаа, Онцгой байдлын газрууд хамтран оролцож, мэргэжил бүрийнхээ онцлог давуу талуудыг сурталчлан таниулж мэдээлэл өглөө.
Өмнөговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ц.Алтанзул:
Ирээдүйн мэргэжлээ сонгож байгаа ахлах ангийн хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж байна. Энэ удаад хууль сахиулах байгууллагууд оролцож үйл ажиллагаа, мэргэжлийн онцлог, давуу талуудын талаар хүүхдүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Даланзадгад сумын Политехникийн коллеж, Ерөнхий боловсролын 6 сургуулийн сурагчдын төлөөллийг хамрууллаа. Энэ үеэр 18 нас хүрсэн хүүхдүүд цэргийн батлахаа гардан авлаа.