Гүржийн нийслэлд жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-03-09 12:12:11

ТБИЛИСИ. /DW/. Гүржийн нийслэл Тбилисид гадаадын агентуудын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаалд оролцогчид гуравдугаар сарын 9-нд шилжих шөнө цагдаа нартай дахин мөргөлджээ.


Цагдаа нар цугласан олныг тараахын тулд өмнөх өдрийн адил нулимс асгаруулагч хий, ус шүршигч, чанга чимээ гаргагч гранат ашиглажээ. Жагсагчид гудамжинд хаалт босгохыг оролдож, зарим нь Гүржийн тусгай хүчнийхэн рүү янз бүрийн зүйл шидсэн байна.


Гадаадын агентуудын тухай хуулийн төслийг Гүржийн парламент анхны хэлэлцүүлгээрээ дэмжсэний дараа нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал гуравдугаар сарын 7-ны мягмар гарагт парламентын ордны дэргэд болжээ. Гуравдугаар сарын 8-ны орой маргаан дагуулсан уг хуулийн төслийг эсэргүүцсэн мянга мянган сөрөг хүчнийхэн Тбилисийн төвд дахин цуглаж, эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн хуулийн төслийг парламентаас эгүүлэн татах, мягмар гарагт баривчлагдсан жагсагчдыг суллахыг шаарджээ.


Жагсагчдын зарим нь парламентын ордны хашааны хаалгыг эвдэхийг оролдсон тул цагдаа нар нулимс асгаруулагч хий, ус шүршигч ашиглаж парламентын ордон болон түүний өмнөх талбайгаас цугласан олныг тарааж чадсан аж. Гэвч хэсэг хугацааны дараа жагсагчид дахин парламентын ордон руу дайрч, цагдаа нар тэднийг тараан заримыг нь баривчилсан байна.


Жагсаал эхэлснээс хойших хоёр өдрийн хугацаанд хууль сахиулах байгууллагынхан танхайрсан, цагдаа нарын шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр 76 хүнийг баривчилсан байна. Мөн цагдаагийн ажилтан руу халдсан хэргээр нэг хүн баригдаад байгаа аж. Мөргөлдөөний улмаас 50 орчим цагдаагийн ажилтан гэмтэж бэртсэн гэж Гүржийн Дотоод хэргийн яам мэдээлсэн боловч хэдэн жагсагч гэмтэл бэртэл авсан талаар мэдээлээгүй байна. 


“Гадаадын нөлөөллийн” талаарх маргаан дагуулсан хуулийн төслийг ОХУ Украин руу халдан довтолсны дараахан байгуулагдсан “Ард түмний хүч” нэртэй олон нийтийн хөдөлгөөнийхөн парламентад өргөн барьжээ. Уг хөдөлгөөний нэг зорилго нь “либерал үзэл суртлын ухуулга” болон “Гүржийг дайнд татан оролцуулах барууныхны эрмэлзлийг” эсэргүүцэх явдал аж. 


Дээрх хуулийн төсөлд зааснаар,сурталчилгааны гэрээг тооцохгүйгээр санхүүжилтийнхээ 20 гаруй хувийг гаднаас авдаг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг “гадаадын нөлөөллийн төлөөлөгч” гэж үзэх ёстой.


“Ард түмний хүч” хөдөлгөөнийхний санаачилгын бас нэг маргаан дагуулж буй асуудал бол гадаадын агентын бүртгэлийн талаарх хуулийн заалт бөгөөд түүний дагуу хуулийн этгээд төдийгүй хувь хүмүүсийг гадаадын агент гэж үзнэ гэсэн заалт юм.


Уг хуулийн хоёр төслийг засгийн эрх барьж буй “Гүржийн хүсэл мөрөөдөл” нам дэмжиж байгаа бөгөөд уг нам ба “Ард түмний хүч” хөдөлгөөн хамтдаа парламентын үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаа аж.


Сөрөг хүчний төлөөлөгчид болон улс төрчид энэхүү хуулийн хоёр төслийг эрх баригч нарт таалагдаагүй ТББ, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ялгаварлан гадуурхаж, үйл ажиллагааг нь хязгаарлах зорилготой гадаадын агентуудын тухай Оросын хуулийн өнгө аясыг хуулбарласан хуулийг хэрэгжүүлэх гэж байна хэмээн шүүмжилжээ.


Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили АНУ-д айлчилж байгаа бөгөөд тусгай мэдэгдэл гарган гадаадын агентуудын тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагсагчдыг дэмжиж байгаагаа мэдэгдэж, мөн энэ хуулийн төслийг парламентаар баталбал хориг тавина гэдгээ амласан байна.


Европын Холбоонд элсэхээр хүсэлтээ гаргаад буй Гүрж улс нь уг хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээрээ дэмжсэн нь ЕХ-ны стандарт, үнэт зүйлстэй зөрчилдөж байна гэж ЕХ мэдэгджээ.

Холбоотой мэдээ