АРХАНГАЙ: “Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс” хөтөлбөр батлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-13 15:55:55

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг нь хүнсний аюулгүй байдал юм. Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад төрийн зүгээс бодлого боловсруулж хэрэгжүүлж байгаа ч хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй хүнсний баталгаат байдал тогтвортой хангагдахгүй байгаагаас хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр байна.

Архангай аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.15. “Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс” арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байгаа ба хөтөлбөр боловсруулж, аймгийн ИТХ-аар батлууллаа.  

Монгол Улсад ус, мах, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэхэд зориулалтын бус хуванцар савыг олдоц сайтай, үнэ хямдтай гэсэн үндэслэлээр хөдөөгийн хүн амын 90 гаруй хувь нь өргөнөөр ашиглаж байна. Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан сүүнд хүнд металл кадьмийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин, айрганд 4,4 дахин их, мөн усны найрлагыг төвлөрсөн сүлжээний усны үзүүлэлттэй харьцуулахад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ. Энэ нь хүнсний зориулалтын бус хуванцар савны бүрэлдэхүүн дэх химийн хорт бодисууд хүнсний бүтээгдэхүүнд шилжин уусч, улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах, цаашлаад хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй байгааг харуулж байна.

Хуванцар савны хадгалалтын хугацаа ихсэх тусам хортой элементүүд нь нэмэгддэг байна. Иймд хүнсний зориулалтын сав, өрхийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тавигдах шаардлага, өрхийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн картыг боловсруулан мөрдүүлэх, эрүүл мэндэд хортой зориулалтын бус савны хэрэглээг бууруулахад чиглэсэн сургалт, судалгаа, хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулснаар ард иргэдийн эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, хоол хүнснээс үүссэн өвчлөл, халдварыг бууруулах, таслан зогсоохыг зорьжээ.

“Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад судалгаа, шинжилгээний болон малчин эмэгтэйчүүдээс гарч байгаа санал санаачилгыг цаашид төр засгийн бодлого шийдвэрт тусгаж хэрэгжүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ