АРХАНГАЙ: “Боловсролд суурилсан хүүхэд хамгаалал ба үе тэнгийн дээрэлхэлт” хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-04-22 16:04:32

Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. ХЭҮК-ийн Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа “Боловсролд  суурилсан хүүхэд хамгаалал ба үе тэнгийн дээрэлхэлт” уулзалт хэлэцүүлгийг өнөөдөр аймгийн ЗДТГ-ын бага танхимд зохион байгууллаа. 


Архангай аймгийн ерөнхий боловсролын сургууль болон Политехник коллежийн сурагчдын сурч боловсрох эрх, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, сургуулийн орчинд үе тэнгийн дарамт дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлыг тодорхойлох, цаашид үе тэнгийн дарамт дээрэлхэлтийг таслан зогсоох, нэгдсэн ойлголттой болох нь энэхүү хэлэлцүүлгийн зорилго юм.


Уулзалт, хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ, Цагдаа, Прокурорын байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын болон Боловсролын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал,  залуучуудын газар, Политехник коллеж, ЕБС-ийн ниймийн ажилтан, сэтгэлзүйчид, сурагчийн төлөөлөл нийлсэн 30-аад хүн оролцож, дата мэдээллүүд сонсож, хэлэлцсэн юм.


Хэлэлцүүлгийн төгсгөлд боловсролын салбарт хүний эрхийг хангах, ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх бодлогын арга хэмжээг эрчимжүүлэх, боловсролын байгууллагын орчин дахь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Холбоотой мэдээ