АРХАНГАЙ: Хуванцар савыг орлуулах савны үйлдвэрлэлт, нийлүүлэлтийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-14 13:02:03

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс” хөтөлбөрийг батлуулсан ба 2023-2028 оны хооронд улсын болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламж, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж малчин эмэгтэйчүүдийг мэдлэгжүүлэх сургалт, судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулснаар хүнсний зориулалтын сав хэрэглэх, аюулгүй хүнс үйлдвэрлэх технологийн талаар мэдлэгтэй болж, малчин өрхийн хүнсний чанар сайжирна гэж үзсэн байна.

Хөтөлбөрийн зорилтууд нь:

-Эрүүл мэндэд хортой зориулалтын бус савны хэрэглээг бууруулахад чиглэсэн сургалт, судалгаа, хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулах,

-Өрхийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тавигдах шаардлага, өрхийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн картыг боловсруулан мөрдүүлэх,

-Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах шаардлагад нийцэхгүй хуванцар савыг орлуулах боломжтой эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан савны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх,

-Өрхийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ эрүүл ахуйн шаардлага хангасан сав ашиглалтыг дэмжих, уламжлалт (малын гаралтай болон модон) сав суулгын үйлдвэрлэлийг дэмжих юм.

Хөтөлбөрийн хүрээнд хүнсний аюулгүй байдлын талаар малчин эмэгтэйчүүдийн сургалтыг давтамжтай зохион байгуулах, сайн туршлагыг хуваалцах, хуванцар савыг орлуулах эрүүл ахуйн стандартыг хангасан савны хувилбаруудын танилцуулгын тараах материалыг бэлтгэх, өрхийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тавигдах шаардлагыг боловсруулж, үйлдвэрлэлийн технологийн картыг боловсруулан мөрдүүлэх, шаардлагад нийцэхгүй хуванцар савыг орлуулах эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан сав суулгын үзэсгэлэнг зохион байгуулах, уламжлалт /малын гаралтай болон модон/ сав суулгын үйлдвэрлэлийг дэмжих, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ эрүүл ахуйн шаардлага хангасан сав ашиглалтыг бүрэн нэвтэрүүлсэн, тогтмол хэрэгжүүлж буй малчин өрхийг бүртгэлжүүлэх, мөшгөх тогтолцоог бий болгох, хөтлөх гэх мэт үйл ажиллагааг явуулах ажээ. 

Холбоотой мэдээ