ӨМНӨГОВЬ: "Говийн ус-бидний оролцоо" сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-14 16:49:22

Даланзадгад  /МОНЦАМЭ/ Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон зарлаж тэмдэглэн өнгөрүүлдэг.

 

Өмнөговь аймгийн хувьд усны нөөцийн хомсдолд орж байгаа бүс нутаг. Тиймээс Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Таван толгой” ХК-иас  "Говийн ус-бидний оролцоо" сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байна.

 

Гар зургийн уралдаанд Өмнөговь аймгийн  15 сумын  ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчид хамрагдана.

 

Уралдааны зорилго нь усыг зөв зохистой ашиглах, усыг хэмнэж, хайрлан хамгаалах дадал хэвшлийг хүүхдүүдэд бий болгож бүтээлээр нь дамжуулан  олон нийтэд уриалж  усны үнэ цэнийг ойлгуулах юм.

 

Уралдаанд тавигдах шаардлага нь зарласан сэдэвт агуулга нь нийцэж байх, илэрхийлэл нь шинэлэг, өвөрмөц байх зэргийг харгалзан дүгнэнэ. Оролцогчдын материалыг 2023 оны 3-р сарын 13-20-ны өдөр хүртэл хүлээн авч шилдэг бүтээлийг дэлхийн усны өдрөөр буюу 22-ны өдөр тодруулах юм.

 

Өмнөговьд томоохон уул уурхайн орд газрууд үйл ажиллагаа явуулж хэрэгцээгээ гүний усаар хангадаг. Энэ нь Монгол орны газрын гүний усыг хомсдуулах эрсдэлтэйг мэргэжилтнүүд онцолдог. Өмнөговийнхон төдийгүй монголчууд нийт усны хэрэглээнийхээ 80 орчим хувийг гүний уснаас хангадаг учраас газар доорх цэнгэг ус нь стратегийн эрдэс баялаг гэдгийг нийтээрээ  хүлээн  зөвшөөрч, түүний ашиглалт, хамгаалалтад хүн бүр ухамсартай хандах, цаашлаад  төрийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай.

Тиймээс орон нутгийн өмчит “Таван толгой” ХК нийгмийн хариулцлагын хүрээнд дэлхийн усны өдрийг угтан тус уралдааныг зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ