“Тэнгэрийн хүү” яруу найргийн наадмын онцлох бүтээлийн эзэд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-15 17:48:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан их найрагчийн нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн улсын хоёрдугаар наадмыг Чингисийн музейд зохион байгууллаа. 


Энэхүү наадмыг нээж “Шаравын Сүрэнжав” сангийн тэргүүн С.Лүндэг хэлэхдээ, “Миний өвөө Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав нэгэн цагт тэнгэрийн харьяат гэдгээрээ утга зохиолын ертөнцөд алдаршсан, хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч байсныг Монголын ард түмэн андахгүй. Өвөөгийн маань зохиол бүтээл ард түмнийг гэрэл гэгээ, сайн сайханд уриалан дуудсан, монгол үндэстний нүүдэлчин соёл иргэншлийн ёс заншил, өв уламжлалыг магтан дуулсан байдаг. Тиймээс өвөөгийнхөө Монголоороо бахархсан, монгол хүн гэдгээрээ омогшсон үзэл санааг нь хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор үр хүүхдүүд, ач, зээ нар нь “Шаравын Сүрэнжав" санг үүсгэн байгуулсан юм. Энэ удаагийн яруу найргийн наадамд бүх насныхан нээлттэй оролцсоноороо онцлогтой. Энэхүү сангаар дамжуулан утга зохиол сонирхогч хүүхэд, залуусыг дэмжих, Шаравын Сүрэнжавын уран бүтээлийг хойч үедээ хүргэх, тэдний хүмүүжил, төлөвшил, нийгмийн оюун санааны амьдралд бага ч болтугай хувь нэмэр оруулахыг зорьж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай” гэв.


Энэ үеэр Их найрагчийн олон түмнээ алдаршсан “Багш” найраглал, "Ерэн баатрын дууль", “Арав дахь хавраа үдье” дууг “Өнөр бүл” төвийн сурагчид үзэгчдэд хүргэсэн юм. Мөн тус наадамд шалгарсан яруу найрагчид шүлгээ уншиж, онцлох уран бүтээлийн эздэд шагнал гардууллаа.

Энэхүү наадамд нийт 300 гаруй яруу найрагч бүртгүүлснээс МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Д.Нямаа, Ю.Баянмөнх, Б.Батцоож, Д.Энхбаяр, Э.Булган нарын бүтээлийг онцлох бүтээлээр шалгаруулж, Шаравын Сүрэнжавын дүр бүхий цэвэр мөнгөөр бүтээсэн энгэрийн тэмдгээр шагнаж урамшуулсан юм.


МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Д.Нямаа хэлэхдээ, “Тэнгэрийн хүү” улсын уралдаанд анх удаа оролцлоо. Энэхүү уралдаан маш яруу тунгалаг, жинхэнэ яруу найрагчийн онгод авшиг оршсон наадам боллоо. Бүх яруу найрагчийн шүлгийг бүгдийг нь нэргүй уншуулж шалгаруулсан байна. Би нийт 4 шүлэг өгсөн. Энэ удаагийн наадам ямар ч нэргүй, тусдаа кодтой уншсан учраас онцлогтой болсныг шүүгч нар хэлж байна. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” улсын наадмаас бусад яруу найргийн наадам чиг зүг, баримжаа аваасай гэж хүсэж байна. Хэрвээ ингэвэл яруу найргийн наадамд ч, яруу найрагчид ч, Монголын уран зохиолын хөгжилд ч хэрэг болно. Энэхүү наадмаас Шаравын Сүрэнжав найрагчийн дүрс бүхий, ардаа дугаартай, дахин давтагдашгүй, мөнгөөр бүтээсэн энгэрийн тэмдгээр шагнууллаа. Аливаа наадам, тэмдгийн үнэ цэн албан ёсны дугаартаа байдаг. Би Д.Нацагдоржийн нэрэмжит 24 дэх шагналт яруу найрагч. Харин Шаравын Сүрэнжавын анхдагч дугаартай яруу найрагч болж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” анхдугаар уралдааны тэргүүн байрт яруу найрагч Т.Бямбасүрэн шалгарч байв.


Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Би тэнгэрийн хүү”, “Миний Монгол”, “Ард Монгол”, “Гар” зэрэг иргэний утга уянгын шүлэг найраглал хийгээд “Хэрлэнгийн барьяа” роман, “Амьд явбал нэгийг үзнэ”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Долгионт жилүүдийн туужис” зэрэг эсээ дурсамж бичсэн бол эрийн гурван наадмын тухай өгүүлсэн кино зохиолоор нь “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран сайхны кино бүтээжээ.





Холбоотой мэдээ