ӨВӨРХАНГАЙ: “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогыг нийт иргэдэд сурталчлан ойлгуулах нь чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн зорилго, зорилтыг танилцуулах дөрвөн өдрийн сургалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын алба, ЗГХЭГ, Удирдлагын академи, аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгууллаа.
Сургалтад 19 сумын удирдлага, төрийн албан хаагчид, байгууллагын удирдлагууд зэрэг 200 гаруй хүн хамрагдаж, “Алсын хараа - 2050” үзэл баримтлалд тусгагдсан Үндэсний нэгдмэл зүйл, Сайн засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Амьдралын чанар, Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил зэрэг сэдвийн хүрээнд суралцсан юм.
Оролцогчид багт хуваагдан баг,
сум, аймгийнхаа өнөөгийн нөхцөл, ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг цаасан дээр
буулган зургаар илэрхийлж, үр дүнг үнэлж ярилцаж байгаагаараа илүү мэдлэг нэмж,
ойлголт авсан чухал сургалт болсон байна
хэмээн дүгнэв.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, Өвөрхангай аймгаа хөгжүүлэхэд хүн бүрийн хүчин чармайлт, байгууллагуудын салбар дундын хамтын ажиллагаа маш чухал” хэмээн Удирдлагын академийн багш Ч.Эрдэнэчимэг хэллээ.
Гучин-Ус сумын Засаг дарга
Х.Энхтайван:
- Улс орноо хөгжүүлье гэвэл улс төржих
биш, урт хугацааны бодлогоо баримталж ажиллах нь чухал. Энэ сургалтад орон
нутгийн бодлого тодорхойлох байгууллага, төрийн байгууллагын удирдлагууд
оролцож байна. Цаашид сургагч багш нар энэ сургалтаа сум, орон нутагт нь зааж,
ард иргэдэд ирээдүйн хөгжлийн талаар тодорхой ойлголт мэдээлэл өгвөл илүү үр
дүнтэй, хүртээмжтэй болно гэж бодож байна.
Уянга сумын Засаг дарга Б.Бямбадорж:
-Засгийн газраас санаачилсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг аймаг, сумынхаа хөрсөнд буулгаж ажиллах юм бол олон сайхан үр дүн гарах байх гэж бодож байна. Сумын Засаг даргын хувьд үүнд ач холбогдол өгч ажиллана гэж бодож байгаа. Ямар ч ажлыг хийхэд зөв төлөвлөлт, алсын хараа чухал байдаг. Төрийн залгамж халаа байнга оршин тогтнож байдаг учраас дараа дараагийн сонгуулиар гарч ирсэн УИХ, Засгийн газраас энэ бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явах байх.
Баруунбаян-Улаан сумын ЕБС-ийн
захирал Д.Загарзүсэм:
-Өвөрхангай аймаг маань Арвайхээр,
Хархорин суманд тулгуурлан хөгжлийн бодлогоо тодорхойлсон байна. Хөдөө аж ахуйн
эдийн засаг голлосон аймгийн хувьд мал аж ахуйн салбараа хөгжүүлэх, малаас
гардаг түүхий эд, ашиг шимийг нэмүү өртөг шингээн зах зээлд гаргах замаар ажлын
байрыг бий болгох, орлогоо нэмэгдүүлэх бодит ажлыг төлөвлөсөн байна.
Сүүлийн жилүүдэд цас, зуд, өвчин зовлон
ихтэй байсан учраас иргэдийн сэтгэл санаа тогтворгүй, шилжилт хөдөлгөөн их
байгаа. Тиймээс “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогоо нийт иргэддээ сайтар
ойлгуулж, сурталчлах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бодлогыг хэрэгжүүлэхэд иргэн
бүрийн оролцоо чухал юм.
Бүрд сумын ЕБС-ийн захирал Б.Ганчимэг:
“Алсын хараа 2050” урт хугацааны
хөгжлийн бодлогын тулгуур 9 зорилготой танилцлаа. Үүнээс “Хүний хөгжил”-ийн
зорилтыг чухалчилж үзэж байлаа. Боловсролын салбар бол хүний хөгжлийн суурийг
тавьж байдаг. Хүний хөгжил сайн байх юм бол бусад зорилтуудыг хөгжүүлэхэд
нэлээн түлхэц болно гэж дүгнэж суулаа.
Бодлогын энэ баримт бичгийг орон нутагт
хэрэгжүүлэхдээ давуу талдаа эрдэх биш, харин сул талаа давуу болгохын төлөө
анхаарч ажиллаасай. Манай сум гурван аймгийн таван сумтай хөрш оршдог болохоор
малчид маань аль ойролцоо сумын сургуульд хүүхдүүдээ сургадаг. Тийм болохоор
хүний хөгжлийг сумандаа хангахад онцгой анхаарч, төрийн захиргааны болон
үйлчилгээний байгууллага нэгдсэн бодлогоор хамтарч ажиллах нь чухал байна.