Сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
erdenebat@montsame.mn
2023-03-24 10:56:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүрьеэ өвчинтэй дэлхий нийтээрээ тэмцэх өдрийг 2023 онд “Тийм ээ! Бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор тэмдэглэж байна. 


Сүрьеэ нь дэлхий нийтэд нас баралтад хүргэж буй “Ковид-19”-ийн дараах хоёр дахь гол халдварын шалтгаант өвчинд тооцогддог. Сүрьеэ өвчний улмаас дэлхийд өдөрт 4000 гаруй хүн амиа алдаж, 30 мянга орчим хүн өвчилж байгаа аж.

Харин манай улсын хэмжээнд 2022 онд сүрьеэгийн 2354 шинэ тохиолдол бүртгэгдсэний 60 орчим хувь нь Улаанбаатар хотод байна. Сүрьеэгээр өвчлөгсдийн 60 хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн ид насны хүмүүс өвчилж байгааг эмнэлгийн статистик харуулж буй аж.


Уг өвчнийг үүсгэдэг савханцар нян нь гадна орчинд маш тэсвэртэй -1-40 хэмд 50-аас дээш жил амьдрах тэсвэртэй, бохир ус, хөрс, харанхуй чийглэг орчин, ил хаясан нус цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай аж. Харин нарны шууд тусгалд нэг цаг, ариутгалын уусмалд таван цагийн дотор устдаг байна. Сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. Сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй бөгөөд агаар дуслын замаар дамжин халдварлагддаг байна.


Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүн сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүн тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас 10 хувь нь сүрьеэгээр өвчилж, 90 хувь нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдварыг тээж, амьдралын аль нэг хугацаанд эрсдэлт хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй амьдардаг. Харин зарим хүнд, ялангуяа дархлааны систем султай хүмүүст идэвхтэй үржиж, сүрьеэ өвчин үүсгэдэг байна. Сүрьеэгийн эмчилгээ 6-20 сарын хугацаанд хийгддэг. Тиймээс эрт оношлох тусмаа богино хугацаанд буюу зургаан сарын эмчилгээ нь үр дүнтэйг эмч нар хэлж байна.


Германы эрдэмтэн Р.Кох 1882 оны 3 дугаар сарын 24-нд сүрьеэ өвчнийг үүсгэдэг бактерийг нээжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, Нидерландын Сүрьеэгийн сан, Олон улсын сүрьеэ болон уушгины эсрэг өвчний холбооноос 1996 онд жил бүрийн энэ өдрийг сүрьеэгийн эсрэг өдөр болгон тэмдэглэхээр болжээ.


Монгол Улс НҮБ-ын гишүүн орныхоо үүргийн хүрээнд 1997 оноос сүрьеэгийн эсрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, сүрьеэгийн дуу дохиог хүргэсээр ирсэн юм. Монгол Улс 1946 оноос сүрьеэгийн эсрэг дархлаажуулалт хийж эхэлсэн бөгөөд Монгол Улсад мөрдөж буй заавал хийх дархлаажуулалтын товлолын дагуу БЦЖ вакциныг төрсний дараа 24 цагийн дотор хийдэг. Дэлхийн 180 гаруй оронд сүрьеэгийн эсрэг вакциныг хийж байна

Холбоотой мэдээ