ӨМНӨГОВЬ: Тайваньтай боловсролын салбарт хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-24 12:25:28

Даланзадгад /МОНЦАМЭ/  Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" дэд хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбар дахь гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

 

Энэхүү зорилтын хүрээнд Өмнөговь аймаг Глобал удирдагч их сургуультай хамтран ажиллаж байгаа бөгөөд боловсролын салбар дахь гадаад харилцааг өргөжүүлэх, орон нутагт дутагдалтай мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр Тайванийн Чаяоны Технологийн их сургууль, Нанхуа Их сургууль, Минчуан Их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс гарын үсэг зурлаа.


Ингэснээр Өмнөговь аймагт дутагдалтай байгаа чухал шаардлагатай мэргэжлээр 2+2 хөтөлбөрөөр Тайванийн Их сургуульд 2 жил, тэдний хамтын ажиллагаатай Америк, Австралийн Их сургуульд 2 жил суралцаж англи, хятад хэлийг суралцан төгсөх боломж бүрдэж байна.

Өмнөговь аймаг нь БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, БНЭУ, БНСВУ, ХБНГУ, Сингапур, Беларусь, Тайланд, Тайвань, Гүрж, Итали зэрэг улстай тогтмол хамтын ажиллагаатай ажилладаг.

 

Харин Тайваньтай 2017 оноос хойш боловсролын салбарт хамтран ажиллаж, төрийн албан хаагч, оюутан сурагчдыг дунд болон урт хугацааны шат шатны боловсрол олгох  сургалтад хамруулжээ.

 

Тайванийн их сургуулиуд энэ удаагийн уулзалтад өндөр ач холбогдол өгч сургуулийн танилцуулга, тэтгэлэгт хөтөлбөрүүдээ дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд ковид цар тахлаас хойш хийгдэж байгаа анхны гадаад хамтын ажиллагаа болж байгааг онцлон хэлжээ.

Тайванийн Их сургуулиудын төлөөллүүд Монгол Улсад ирэх 5 дугаар сард айлчлан ирж, сургуулийн болон боловсролын салбарын үйл ажиллагаа, хамтын ажиллагааны хүрээнд хийх боломжуудын талаар танилцуулж, нээлттэй өдөрлөг зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ