ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-25 13:49:00

Даланзадгад /МОНЦАМЭ/ “Дэлхийн нийгмийн ажилтан”-ны өдрийг угтан Даланзадгад сумын ЕБС-ийн сурагчид болон эцэг эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг зохион байгууллаа.


Тодруулбал, “Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо, “Эцэг эхийн боловсролыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг “Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг, Хайрын шүхэр ТББ, аймгийн ГБХЗХГ, БШУГ-ын мэргэжилтнүүд хамтран 2 өдрийн хугацаанд хийлээ.


Мөн аймгийн ГБХЗХГ-ын урилгаар “Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал, “Хайрын шүхэр ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Бадамцэцэг нар хүрэлцэн ирж лекц, сургалтыг эцэг эх, мэргэжилтнүүдэд хүргэн ажиллалаа.


Тус сургалтад Даланзадгад сумын ЕБС-ын 1,3,4,7 дугаар сургуулийн 1000 гаруй эцэг, эх хамрагдсан юм.


“Хайрын шүхэр ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Бадамцэцэг

Өнөөдрийн энэхүү лекц бол эцэг эхчүүд рүү чиглэсэн. Хүүхдийн хөгжил, хүмүүжилд эцэг эхчүүд яаж оролцох, хөгжил болон насны онцлогийг хэрхэн мэдэрч харилцах, эрх, үүрэг нь ямар байх ёстой вэ гэдгийг эцэг эхчүүдэд өөрийнх нь оролцоотойгоор ойлгуулахыг зорилоо. Орчин цагт техник технологийн дэвшил хурдацтай хөгжиж байгаа нийгэмд эцэг эхчүүд альфа үеийн хүүхдүүдтэй хэрхэн харилцах гэдгийг тодорхойлохоос гадна монгол үндэсний уламжлалтайгаа холбон яаж хүмүүжүүлэх вэ гэдэг агуулгаар лекц тавилаа. Мөн өсвөр үеийнхний тулгамдаж байгаа асуудал болох үе тэнгийн дээрэлхэлт дарамтын асуудал их байдаг. Энэ асуудал хүнд шатандаа орохоор амиа хорлох хүртэл эрсдэлд хүрдэг. Тэгэхээр үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдийн сэтгэл зүй, илрэх байдал, хойшид гарах сөрөг нөлөөллийн талаар эцэг, эхчүүдэд зөв ойлголтыг өгөх, арга замын талаар мэдээлэл өглөө. Энэхүү лекц, сургалтад Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхчүүд  маш ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байгаад талархаж байна.


ГБХЗХГ-ын дарга Б.Эрдэнэцэцэг

Сургалтын ач холбогдол нь эцэг эх, өсвөр насны хүүхдүүдийн дунд гардаг үл ойлголцол, хүүхдэдээ тавих хараа хяналт, мөн залуу эцэг эхчүүд гэр бүлийн харилцаандаа ямар алдаа гаргадаг, юун дээр анхаарах вэ гэдэг тал дээр сургалтын агуулга илүү төвлөрч явагдаж байна. Сургалтад хамрагдаж байгаа эцэг, эхчүүдийн оролцоо идэвх үнэхээр сайн байна.

Өсвөр үеийн хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлт, ганцаардал бусад эрсдэлд өртөх аюулаас эцэг эхийн хайр, анхаарал халамж л хамгаалж чадна. Тиймээс  нэгдүгээрт, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ойлголцох, хайр, зэмлэлээ тэнцүүлж  ухааруулж ойлгуулах, цаг үеэ мэдрэх нь чухал юм. Энэхүү нөлөөллийн сургалт нь гэр бүл, өсвөр үеийнхэн, эцэг эхчүүдэд чиглэлсэн олон талын ач холбогдолтой сургалт болж байна. 2023 онд ГБХЗХГ-аас гэр бүлийн боловсрол, эцэг эхийн боловсролыг дээшлүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллана. Эцэг эхчүүд нь хүүхдээ сонсдоггүй, ажил болон бусад зүйлд анхаарлаа хандуулан хүүхдээ хайхардаггүй зэрэг байдлаас болоод Монгол Улсын хэмжээнд дөрвөн хүүхэд дутмын нэг нь амиа хорлох оролдлого хийдэг гэсэн эрсдэлтэй тоо гарсан. Энэхүү асуудлын шийдлийг олох чиглэлээр холбогдох газрууд маш сайн ажиллаж, нөлөөллийн ажлууд сайн хийж байгаад баяртай байна.


 Эцэг эхийн төлөөлөл Ж.Мөнхшинэчулуун

Маш их зүйлийг сурч мэдэж авлаа. Миний хувьд таван хүүхэдтэй. Гурав нь сургуульд суралцаж байгаа. Хүүхэдтэйгээ харьцах үед заримдаа тулгамдах үе гардаг байсан. Өөрөө мэдээд байгаа хэрнээ гарах гаргалгаагаа олохгүй үе зөндөө байдаг. Энэ сургалтаас энэ асуудлынхаа хариултыг олж мэдэж авлаа. Цаашдаа өсвөр болон бага насны хүүхдүүдтэйгээ нас насных нь онцлогт тааруулан харилцан ярилцаж, ойлголцох хэрэгтэй гэдгийг мэдлээ.

 

Холбоотой мэдээ