ӨМНӨГОВЬ: Говийн бүсийн математикийн олимпиадыг 16 дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-28 09:37:10

Даланзадгад /МОНЦАМЭ/ Монгол Улсын гавьяат багш М.Банзрагч агсны нэрэмжит Говийн бүсийн математикийн олимпиадыг Даланзадгад хотод энэ сарын 24-26-нд зохион байгууллаа. 

Өмнөговь аймгийн ууган сургууль болох улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн хамт олон 2002 онд анх санаачлан олимпиадыг эхлүүлж байсан бөгөөд энэ жил 16 дахь жилдээ болж, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгийн 120 гаруй багш, сурагчид оюун ухаанаа сорьж өрсөлдлөө.


Энэхүү олимпиад нь сурагчдыг мэргэжлээ сонгоход дэмжлэг болох, математикийн хичээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, багш нарын хөгжлийг хангах, сурагчдыг математикийн хичээлд сонирхолтой болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Монгол Улсын гавьяат багш М.Банзрагч агсны нэрэмжит Говийн бүсийн математикийн олимпиадыг энэ удаа аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж “Чадварлаг багш” хөтөлбөрөөс 15 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ.

Олимпиадыг Өмнөговь аймгийн ЗДТГ, БШУГ, Даланзадгад сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургууль хамтран Монголын математикийн олимпиадын хорооноос сэдвийг бэлтгэж, өндөр нууцлалтайгаар зохион байгуулалтыг ханган ажиллажээ.

Ийнхүү 4 аймгийн шилдэг багш, сурагчид олимпиадад оролцож Өвөрхангай аймаг 4 алт, 4 мөнгөн медаль, Өмнөговь аймаг 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль, Дундговь аймаг 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, Баянхонгор аймаг 1 алт, 1 мөнгөн медалийг тус тус гардан авлаа.

 

Энэ жилийн олимпиад зохион байгуулалт сайтай, багш сурагчдын мэдлэг чадвар, идэвх чармайлт өндөр байсныг зохион байгуулагчид онцоллоо. 

Холбоотой мэдээ